Сангийн сайдын зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабын нэг нягтлан бодогч 500 хүний орон тоог хий бичиж, цалинг нь авсан байна гэх мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярьсан байсан. Энэ асуудлын талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэвлэлд дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр "Зарим хэвлэлээр 500 орон тооны хүн илүү байлгаж, цалин хөлс буруу олгон, олон сая төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл гарсан. Үүнийг залруулж хэлэх нэг зүйл байгаа юм. 2018 оны эхэнд яам зэвсэгт хүчний жанжин штабаас нөхцөл байдлын мэдээллүүдийг авсны үндсэн дээр шалгалт хийхээр Ажлын хэсэг томилж ажиллуулсан юм. Ийнхүү Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид шалгалт хийсэн. Энэ бол Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс өөрсдөө санаачилж хийсэн шалгалт юм. Шалгалтын дүнд 089 дүгээр ангид ажиллаж байсан санхүүгийн ажилтнууд хуурамчаар цалингийн цэс үйлдэн олон хүнд цалин олгож байгаа юм шиг болгож, 440-өөд сая төгрөгийн хохирол учруулсан байсан нь тогтоогдсон. Манай өөрийн дотоод шалгалтаар тогтоогдсон гэсэн үг. Түүний дагуу холбогдох хууль хяналтын байгууллага, АТГ-т хандсан. Тэдгээр ажилчид шунахайн сэдлээр хууль зөрчиж, 443 сая төгрөгийг шамшигдуулсан байна гэдэг нь тогтоогдсон.
500-гаад хүн гэж мэдээллэж буйн хувьд ор үндэсгүй зүйл. Тийм байх бололцоо ч үгүй. Яригдаж байгаа 440-өөд сая төгрөгийн гэмт хэрэг үйлдэгдсэн анги өөрөө 500 хүрэхгүй цөөн тооны цэргүүдтэй. Цалингийн цэс дээрх доод дүнг нь өөрчилж, өөр дүн тавин илүү мөнгө гаргаж авсан байгаа юм. Тэр мөнгөө бусад хүмүүсийн данс руу шилжүүлж ашигласан хэрэг. Гэхдээ бид 2018 оны эхний шалгалтаар 2016, 2017 оны үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн гэдгийг тодруулж хэлье.
Зэвсэгт хүчний жанжин штаб өөртөө дотоод хяналт, санхүүгийн хяналт шалгалт хийдэг нэгжтэй. Яам ч мөн дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ дүгнэлт өгдөг, шалгалт хийдэг нэгжтэй юм. Ээлжлээд, давхардуулалгүйгээр цэргийн ангиудад төлөвлөгөөт шалгалтуудыг хийдэг. Харин дээрх хэргийн тухайд шалгах үндэслэл байсан. Энэ утгаараа Ажлын хэсэг гарч шалгаж, илрүүлсэн юм.
АТГ-т шалгагдаад Эрүүгийн хэрэг үүсчихсэн. Мэдээж гэм буруутай этгээдүүд ял шийтгэлээ хүлээж таарна. Дахин тодруулж хэлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс хуваарилалт хийж, төлөвлөгөөт шалгалтуудыг байнга хийж байгаа. Мөн тодорхой сэжигтэй, хэрэг байж болзошгүй мэдээллүүдийг үндэслээд төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийдэг.