Бельгиэс Британи руу ирсэн ачааны машины чингэлэгээс 39 цогцос илрүүлсэн аймшигт хэрэг лхагва гаригт /2019.10.23/ гарч Британичууд төдийгүй дэлхий нийтийг цочроогоод байгаа билээ. Британийн цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад урьдчилсан шатны дүгнэлтээр -25 хэмийн хөргүүртэй чингэлэгт байсан цогцоснуудыг бүгд Хятад улсын иргэдийнх гэж тогтоогоод байсан ч хожим цогцоснуудын зарим нь Хятадын хуурамч паспорттой Вьетнамын цагаачдынх байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Харин цагдаагийн байгууллагаас цогцсуудыг таниулах ажиллагаа хараахан дуусаагүй байгаа гэсэн хариу өгчээ.
Уг хэрэгт ачааны машины жолооч Ирланд улсын иргэн 25 настай Мо Робинсон хэмээх залууг баривчлан саатуулаад байгаа ба түүнийг даваа гаригт /2019.10.28/ шүүхээр болжээ. Түүнээс гадна уг хэрэгт холбоотой байж болзошгүй хууль бус цагаачдыг хилээр нэвтрүүлэх ажил хийдэг гэх дөрвөн хүнийг баривчлаад байгаа гэнэ.
Хятад, Вьетнам зэрэг орнуудаас Их Британи руу илүү сайхан амьдрал хайн цагаачлан ирэх иргэд их байдаг ба тэдний зарим нь тус улс руу нэвтрэх гэж оролдох явцдаа мөнгөө залилуулах, хүний наймааны зэрэг эрсдэлд орох нь түгээмэл байдаг ажээ.
Тэгвэл хэрэг гардаг өдөр Хятадаар дамжин Европт цагаачлахаар явсан 26 настай вьетнам бүсгүйн ээж рүүгээ бичсэн сүүлчийн зурвас ил болжээ. Тэрээр “Ээж ээ, аав аа охиноо уучлаарай. Британи руу нэвтрэх гэсэн оролдого минь бүтэлгүйтлээ. Би яг одоо амьгалах аргагүй болж байна. Би үхэж байх шиг байна. Та хоёртоо хайртай шүү” хэмээх зурвасыг үлдээжээ. Мөн түүнээс гадна 20 орчим вьетнам иргэд сураггүй болсон тухай Британи дахь Вьетнам иргэдийн төлөөлөгчийн газар буюу “Viethome” байгууллагаас мэдээлсэн байна. Мөн үр хүүхдүүдээ Британи руу оруулахын тулд зуучлагчдад 30,000 фунт стерлинг төлсөн тухай зарим эцэг эхчүүд ярьсан байна.