ОХУ-ын уран гулгагч Александра Трусова Канадад болсон ГранПри тэмцээнд түрүүлэхийн зэрэгцээ хоёр ч дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. 15 настай уран гулгагч чөлөөт үзүүлбэртээ шүүгчдээс 166.62 оноо авсан бол богино, чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 241.02 оноо авсан байна. Онооны эдгээр үзүүлэлт нь дэлхийн шинэ дээд амжилт болж байна. 2019 оны 9-р сард Братислав хотод болсон тэмцээнд уран гулгагч чөлөөт хөтөлбөрт 163.78 оноо, нийт дүнгээр 238.69 оноо авч байсан юм.
ГранПри тэмцээний хоёрдугаар байрт Японы Рика Кихира (230.33 оноо), гуравт Өмнөд Солонгосын Ю Янг (217.49) орсон байна.