Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд ДХИС-ийн автобус осолдож долоон хүний амь нас хохирч, 31 хүн гэмтсэн харамсалтай осол бүртгэгдсэн. Уг хэргийг ТЦА-ны мөрдөн шалгах газар шалгаж байгаа. Гэмтсэн иргэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Ослын дүгнэлт гараагүй байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тухайн ослын үед автобусны жолооч тормоз нь ажиллагаагүй болсон гэж анхны мэдүүлгээ өгсөн.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө өөрийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, газар орчны нөхцөлийг нэг бүрчлэн судалж мэдсэн байхыг үүрэг болговол зохино гэсэн байдаг. Үүнд жолооч нар дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох учраас тухайн шаардлагыг заавал хангасан байхыг шаарддаг. Мөн хотын хөдөлгөөнд бүрэн бус хэрэгсэлтэй тэр дундаа гадна талын гэрэлгүй, будаг сольсон эсвэл цонх шил нь хагарсан бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байх юм бол Зөрчлийн тухай хуулийн 17.17-д заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох арга хэмжээг авдаг. Харин нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусыг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран жилд хоёр удаа улсын үзлэгт оруулж оношилгоонд тэнцсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцуулдаг.