Манай улсын 175 мянган иргэн 76 улсад амьдардаг

Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн нь улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэсэн заалт бий. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний хамгийн том давуу талын нэг нь энэ. Иргэдийн энэхүү эрхийг 1993 оноос хойш Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулиар зохицуулж ирсэн. Түүнээс хойш энэ хуульд нийт 13 удаа өөрчлөлт оруулжээ. Гэвч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зэрэг нөхцөл байдал үүссэн учраас энэ удаад шинэчлэн найруулж батлуулахаар болжээ. Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэж байна.

БНСУ-д 49, АНУ-д 30, БНХАУ-д 10, Япон улсад есөн мянга орчим иргэн амьдарч байна

Хилийн чанадад хувийн хэргээр зорчих, суралцах, хөдөлмөр эрхлэх, жуулчлах, оршин суух иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь хуулиа шинэчлэн найруулах нэг шалтгаан болжээ. 2018 оны байдлаар Монгол Улсын 175 мянга 687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэллээ. Тухайлбал, БНСУ-д 49 мянга, АНУ-д 30 мянга, БНХАУ-д 10 мянга, Япон улсад есөн мянга орчим иргэн амьдарч байгаа бөгөөд нийт иргэдийн зургаан хувь нь гадаадад амьдарч байна гэсэн судалгааны дүн гарчээ. Гэхдээ энэхүү тоо бүртгэл нь тойм төдий гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн онцолсон юм. Дээрх тоо нь зөвхөн хилийн чанадад байгаа 43 Дипломат төлөөлөгчийн газарт ирж ямар нэг байдлаар төрийн үйлчилгээ авсан иргэдийн тоон  дээр  суурилсан тооцоолол юм байна. Үүнээс гадна Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсад оршин суугаа болон зорчиж байгаа иргэдийн мэдээллийг бүртгэх боломжгүй байгаа аж