Зургаа дахь удаагийн жүдо бөхийн Абу Даби их дуулга тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Энэ сарын 24-26-ны хооронд болох уг тэмцээний сугалаа явагдаж 95 орны эрэгтэй 322, эмэгтэй 231, нийт 553 жүдоч хүч үзэхээр болжээ.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас өнөөдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Туркийн Гулкадер Сентюрктэй учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд манай хоёр бөх барилдах ба В хэсэгт Дэлхийн аваргын иж бүрэн медальт Гавьяат тамирчин М.Уранцэцэг аварга эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Алжир жудоч Файза Айссахинетэй барилдах оноолттой байна. Харин С хэсэгт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт ОХУ-ын Анастасья Поликарповатай эхний тойрогт учраа таарлаа.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд манай хоёр бөх барилдах ба А хэсэгт хэдхэн хоногийн өмнө Цэргийн спортын наадмаас хүрэл медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитэй барилдах юм. Харин D хэсэгт “Екатринбург-2019” их дуулгын аварга ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдах оноолт гарчээ.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд манай хоёр бөх барилдах ба С хэсэгт “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрт Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөсөн байна. Түүний хэсэгт дэлхийн шилдгүүд болох Ж.Зантария, Ан Баул, В.Шмайлов нарын шилдгүүд орсон байна. D хэсгийг “Мастерс” тэмцээний аварга Г.Хэрлэн тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна.