Тайваньд суралцах монгол оюутны тоо нэмэгджээ

Тайванийн Минг Чуань их сургуулийн Монгол-Тайванийн боловсролын төвийн хэлтсийн дарга Лиү Гуанг Хуа 2019 оны аравдугаар сарын 12-13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 26 дахь удаагийн Олон улсын боловсролын үзэсгэлэнд Тайванийн 40 гаруй улсын болоод хувийн их сургуулийг төлөөлөн оролцлоо.

Монголоос Тайваньд суралцаж буй оюутны тоо эрс нэмэгдсэнийг Лиү Гуанг Хуа онцоллоо. Түүний хэлснээр 2015 онд Тайваньд суралцаж буй монгол оюутны тоо ойролцоогоор 800 байсан бол энэ жил (2019) ойролцоогоор 1400 болжээ. “Иймд Тайваньд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудыг Засгийн газраас олгож буй Тайванийн улсын болоод хувийн их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр болон хятад, англи хэл дээрх бакалаврын сургалтын программд хамрагдахын тулд хятад болон англи хэлний чадвараа сайжруулахыг зөвлөж байна” гэлээ.

Улаанбаатар дахь Тайванийн төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Яань Жү Лиань хэлэхдээ Тайванийн их сургуулиуд олон жилийн турш гадаад оюутныг сургасаар ирсэн бөгөөд сургууль бүр гадаад оюутнуудаа нээлттэй, эрх тэгш тогтолцоогоор сургуульдаа элсүүлж авдаг гэлээ.

Сургуулиуд дижитал хэлбэрээр элсэлт авдаг болсон бөгөөд суралцах хүсэлтэй оюутан залуус сургуулийнхаа вэбсайтаар дамжуулан бүртгүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар дахь Тайванийн төлөөлөгчийн газрын вэбсайтаас  ( https://www.roc-taiwan.org/mn_en/post/2843.html ) виза бүрдүүлэхэд анхаарах зүйлс болон ( https://www.roc-taiwan.org/mn_en/post/5000.html ) бусад холбоотой мэдээллүүдийг авах боломжтой юм.

Тус боловсролын үзэсгэлэнд Тайвань, АНУ, Англи, Канад, Герман, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Малайз, Швейцарь, Хятад зэрэг орны их дээд сургуулийн төлөөлөн оролцсон байна.