УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Тэрбээр, УИХ-аас 1996 онд Шинжлэх ухааны академийн үйл ажиллагааг байгуулж, хууль эрх зүйг нь баталсан. Энэхүү хуульд цаг үеийн шаардлага, хэрэгцээгээр хууль эрх зүйг нь өөрчлөх, шинэчлэх шаардлага гарсан. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг танилцууллаа. Тус хууль нь гурван бүлэг, 10 зүйл, 52 хэсэг, 62 заалттай.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хоёр жилийн өмнө байнгын хороон дээр шинжлэх ухааны салбарын хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж ажиллаж байсан бөгөөд энэ хүрээнд төслийг боловсруулж оруулж ирсэн байна. Шинжлэх ухааны академи өөрсдөө бас хууль санаачилж байсан. Түүнийг энэ гишүүдийн санаачилсан төсөлтэй хамтатгаж байна уу эсвэл тусдаа байгаа” гэсэн асуултад “Гишүүдийн санаачилсан хуулийн төсөл, академиас санаачилсан төсөл хоёрыг нэгтгэн өргөн барьсан” гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өглөө.
Ингээд санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжсэн учраас чуулганы хуралдаанд шилжүүллээ.
Үүний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хороо хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраа ахалж байгаа бөгөөд дүгнэлтээ танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ:
-Ер нь бид сангийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах талаар ажиллаж байна. 2017 оны сүүлчээр эрүүл мэнд, нийгмийн сангуудыг бие даасан байгууллага болгоход 167 тэрбум төгрөг байсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд 400 орчим тэрбум болсон. 2018 оны төсвөөр хүүгийн орлогоос 39,3 тэрбум төгрөг биелүүлэх даалгавар өгснийг 8,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, давуулж биелүүлсэн. Энэ бол сангийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах, бодлоготой ажиллаж чадсаны үр. Цаашид хуулийг боловсронгуй болгох, улирал бүр албан бичгээр чөлөөт үлдэгдлийн тайланг байнгын хороонд хүргүүлэх, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг олон нийтэд зөв ойлгуулах чиглэлээр арга хэмжээ авах зэрэг ажлын хэсгийн дүгнэлттэй би санал нэгдэж байгаа. Сошиал орчинд төргүй, даатгалгүй юм шиг, өвдсөн хүмүүс ард иргэдээсээ дэмжлэг хүсээд байгаа зүйл байна. Улсын төсөвт жилдээ гадаадад эмчлүүлэх зардалд 500 сая төгрөг төсөвлөдөг. Хамгийн ихдээ 5 сая төгрөг олгодог. Хэрэв бид эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн сангийн төсвийг нэмэгдүүлж чадвал гадаадад байгаа иргэдийн санхүүгийн зардлаас нь төр даах боломж бүрдэнэ. Бид жилд эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн 10 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж чадвал гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст дэмжлэг үзүүлэх боломж бий. Тиймээс гадаадад эмчлүүлж байгаа иргэдэд санхүүгийн боломжид нь том тус хүргэх боломжтой.
Нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:
-Одоогийн байгаа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг бэхжүүлэх гурван боломж бий. Засгийн газрын бонд худалдаж авах, Монголбанкны үнэт цаас худалдаж авах, арилжааны банкинд байршуулах гэсэн боломж бий. Бид одоо Монголбанкны үнэт цаас худалдаж авах боломжгүй юм билээ. Учир нь Монголбанкны дотоод журамд үнэт цаасыг зөвхөн арилжааны банк худалдаж авдаг юм билээ. Тиймээс Монголбанкны удирдлагатай ярьж байгаад журамд нь өөрчлөлт оруулж, энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Цаашид Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгийг зөвхөн арилжааны банкинд байршуулах биш сангийн хөрөнгийг арвижуулах, менежментийг нь илүү боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэж байна.