“Walt Disney” компанийн “Maleficent: Mistress of Evil” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 36 сая ам.долларын ашиг орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.
“Walt Disney” компанийн мэдээлснээр, Анжелина Жоли, Эль Фэннинг нарын тоглосон уран сайхны кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс 36 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 117 сая ам.долларын ашиг орлого олсон байна.
Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Joker” уран сайхны кино 29.2 сая ам.долларын орлогоор жагссан байна. Тус кино нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс 247 сая ам.доллар, дэлхий дахинаас 737.5 сая ам.долларын ашиг орлого олсон гэж “Comscore” судалгааны байгууллага мэдээлжээ.
Сонирхуулхад, 2014 онд үзэгчдийн хүртээл болсон “Maleficent” уран сайхны киноны эхний анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 70 сая ам.долларын ашиг орлого олж байжээ.