Угаарын хийнд найман хүн хордож нас баржээ

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, "Монгол Улсын хүн амын дунд утаанаас хамаарсан өвчлөл их байгаа. Үүнтэй холбоотойгоор түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулах шахмал түлшийг хэрэглэж байна. Үүнтэй холбоотойгоор, хүмүүс угаартах тохиолдол бүртгэгдэж байна. Шахмал түлштэй холбоотой хэд хэдэн хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Аравдугаар сарын 22-ны байдлаар 500 гаруй иргэнээс дуудлага ирж, 48 иргэн эмчилгээ хийлгэж, найман иргэн нас барсан байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллага дараах чиг үүрэгтэй ажиллаж байна. Хэрэг зөрчлөөс сэргийлэх талаар олон нийт, төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж байна" гэв.

Нийт 536 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 226 нь хүүхэд байгаа аж.

ЦЕГ-аас мэдээлснээр угаарын хийнд хордож  амь насаа алдсан хэргийг анхаарлын гадна талд үлдээхгүй гэв. Үүнээс урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриаллаа.

Мөн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй,  хяналтын цэгүүд ажиллаж байгаа бөгөөд түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил илэрчээ.

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж, түүхий нүүрс хэрэглэж, утаа гаргаж байгаа яндангуудыг ажиглаж байгаа гэнэ. Яндангаас хар утаа гарч байвал 70128012, 77775000 утсаар мэдээлэл өгөхийг хүслээ.