“Би Үндсэн хууль болон эзэн хааны ордны тухай хуульд заасны дагуу хаан сэнтийд заларлаа. Бид хаан ширээнд суух ёслол зохион байгуулан, Японд төдийгүй дэлхий дахинд энэ тухай мэдэгдэж байна” гэж Нарухито Токио хотноо болж буй шинэ эзэн хааныг сэнтийд залах ёслолын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Ёслол Японы эзэн хааны ордны хамгийн хүндтэй "Нарсан танхим"-д болж байна. Тус танхимд өнгөрсөн зууны эхэн үед эртний загвараар бүтээсэн 6.5 метр өндөр, 8 тонн жинтэй хааны сэнтийг байрлуулжээ. Өдгөө 59 настай, эзэн хаан Нарухито энэ сэнтийгээс үгээ хэлсэн байна. Тэрбээр Хэйан эриний /794-1185 он/ үеийн, зөвхөн хаадад өмсөхийг зөвшөөрдөг хувцас өмсжээ. Хаан сэнтийн хажууд өдгөө 55 настай хатан Масакод зориулсан, хэмжээгээр арай жижиг сэнтийг байрлуулсан байна. Масако мөн дундад зууны эхэн үеийн хэв маягийн дагуу оёсон олон давхар кимоно өмсжээ.
Шинэ эзэн хааныг хаан сэнтийд залах ёслолд оролцохоор 174 орны 400 төлөөлөгч Японд хүрэлцэн иржээ. Эзэн хаанд баяр хүргэхээр мөн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх болон шүүх засаглалын удирдлагууд, сайд нарын танхимын гишүүд, Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүмүүс, мужуудын захирагчид, эрдэмтэд, тамирчид, зохиолчид, бизнес эрхлэгчид зэрэг Японы нийгмийн бүхий л давхаргын 1600 орчим төлөөлөгч уригджээ.
Өдгөө 85 настай Японы эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буусан билээ. Нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо гэдэг шалтгаанаар хаан ширээнээс буух хүсэлтэй байгаагаа эзэн хаан Акихито 2016 оны наймдугаар сард мэдэгдсэн юм. Түүнийг хаан ширээнээс буусны дараагийн өдөр нь том хүү, угсаа залгамжлах хунтайж Нарухито хаан ширээнд заларч, Рэйвагийн эрин эхэлсэн билээ.