Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ны өдөр нээхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусаад байгаа ажээ.
Авто замын ажлын хүрээнд 85,730 м3 хөрс хуулалтын ажил, 205,800 м3 ухмалын ажил, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальто хучилт хийгдэж, 19 км тусгаарлах хашлага суурилуулаад байна. Үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгдэж байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийнхан өнөөдөр Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрынханд танилцуулжээ.
Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг суурь асфальт хучилтаар нээж байгаа бөгөөд хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор хэвтээ тэмдэглэлийг ирэх онд өнгө хучилтийн ажлыг хийх хүртэл түр хийж байгаа гэнэ. Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.