Японы Уонума хотод баавгай дөрвөн хүн рүү дайрч, гэмтээсэн талаар NHK мэдээллээ.
Тодруулбал, хотын суурин бүс рүү баавгай орж ирэн хүмүүс рүү дайрсны улмаас гурван эмэгтэй, нэг эрэгтэй шархадсан бөгөөд шархадсан эмэгтэйчүүдийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Хэрэг гарах үед ойролцоо зорчиж явсан машины видео бичлэгээс харахад баавгай гаражийн шалан дээр хүнийг орхиод, цааш гудамжаар явж байгаа нь бичигдсэн байна. Баавгай мөн машиныг самардаад, цааш зугатсан гэж жолооч өгүүлжээ.
Жолоочийн ярьснаар баавгай 1,5 метр орчим урттай байсан бөгөөд өмнө нь ойролцоох ууланд баавгай үзэгддэг байсан ч Уонума хотын суурин хэсэгт хэзээ ч орж ирж байгаагүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ намар Ниигато мужид баавгай хүн рүү дайрсан таван тохиолдол гарчээ. Баавгай хүмүүс рүү дайрах тохиолдол ихэссэн нь баавгайн хүнс тэжээл буюу самар ховордсноос үүдэлтэй аж.
Зөвхөн Япон төдийгүй Оросын Якут, Курилийн арлууд зэрэг хэд хэдэн газарт хүнс тэжээлгүй болсон баавгай уулнаас бууж хүмүүс рүү дайрсан тохиолдол энэ намар хэдэнтээ гарсан байна. Түүнчлэн манай улсад ч баавгай уулнаас буух тохиолдол олширч, хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол ч гарсан юм.