Өмнөд Африкийн ерөнхийлөгч агсан Нелсон Манделагийн охин БНСУ-д суух Элчин сайдаар томилогджээ. Тэрбээр өчигдөр Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдтай уулзсан байна.
Зенани Мандела-Дламини хэлэхдээ хоёр орны харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд анхаарах бөгөөд өөрийг нь Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа улам хүчирхэгжинэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр ирэх долоо хоногт Итгэмжлэх жуух бичгээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инд өргөн барих аж. Нелсон Манделагийн том охиныг Сөүлд суух Элчин сайдаар томилсноо энэ оны эхээр Өмнөд Африкийн албаныхан мэдээлсэн юм.
Өдгөө 60 настай Зенани Мандела-Дламини нь Манделагийн хоёр дахь эхнэр Виннигээс төрсөн аж. Өмнө нь тэрбээр Маврик болон Аргентинд дипломатаар ажиллаж байжээ.