Ам.доллартай харьцах төгрөгийн ханш нэг өдрийн дотор гурван төгрөгөөр нэмэгджээ

Ам.доллартай харьцах төгрөгийн ханш нэг өдрийн дотор гурван төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, Монголбанкны албан ханшаар энэ сарын 16-нд нэг ам.доллар 2,671.6 төгрөг байсан бол 17-нд 2,674.62 төгрөгт хүрчээ. Валют арилжааны "Найман шарга" төв дээр нэг ам.долларыг 2,680 төгрөгөөр авч 2,685 төгрөгөөр худалдаалж байна. Харин өчигдөр тус арилжааны төв дээр доллар авах ханш 2,676, зарах ханш нь 2,678 байв.  

Есдүгээр сард харьцангуй тогтвортой байсан тус валютын ханш аравдугаар сарын 10-наас өсөх хандлага ажиглагдсан бол аравдугаар сарын 14-нөөс огцом нэмэгдэж эхэлснийг графикаас харж болно. 

Ийнхүү 2019 оны аравдугаар сарын 1-ний ханштай харьцуулбал төгрөгтэй харьцах ам.долларын ханш өнөөдрийн байдлаар долоон төгрөгөөр нэмэгдээд байна. 

Ханш гэдэг бол эдийн засгийн сууриа дагадаг, улс төр, эдийн засгийн хүндрэл үүсэх үед дагаж савладаг нэг үзүүлэлт билээ. Иргэдийн хүлээлт ч мөн ханшид нөлөөлдөг гэдгийг эдийн засагчид хэлдэг.