“Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолт маргааш болно

Рок хөгжмийн амьд домог "Харанга" хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан "Харанга 30 жил - Замд гаръя..." тоглолтыг аравдугаар сарын 19-ний өдөр буюу маргааш 15.00 цагаас "Буянт-Ухаа" спорт цогцолборт эхлэнэ.

Тэд 1989 онд УДЭТ-ын тайзнаа “Амьдрал” нэртэйгээр анхны бие даасан тоглолтоо толилуулснаар хамтлагийн насыг тоолдог.

Рок наадам буюу "Харанга 30 жил - Замд гаръя..." тоглолт

30 жилийн ойдоо зориулан хийж байгаа тоглолтдоо “Харанга” хамтлагийнхан 30 уран бүтээлээ тоглох нь ээ. Энэхүү тоглолтыг рок попын наадам ч гэж нэрлэж болох гэнэ. Учир нь бүтэн өдөржин үргэлжлэх энэ тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох Хурд, Нисванис, Маdness, Fire, The lemons, A sound, Rec on, Lumino, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Өөжгий, поп дива Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, дуучин Б.Чойжоо, Альтернатив Отгоо, “Киви” хамтлагийн дуучин Ука, реппер Gee зэрэг шилдгүүд оролцож ая дуугаа өргөх юм байна.

Хос пянз, цогц цомог гаргана

“Харанга” хамтлаг тэгш ойгоо угтан 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 оны “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлж, сонсогчдодоо хүргэнэ. Ингэхдээ нэг цогц цомог болгож байгаад бөгөөд 52 дуутай уг цомог тоглолтын өмнө хэвлэлтээс ирэх нь ээ. Мөн 30 жилийнхээ ойд зориулан 8 шинэ уран бүтээлээс бүрдсэн “VOLUME 1” хос пянз гаргахаар зэхээд байгаа бөгөөд хэвлэлтэд явуулжээ. Түүнчлэн баримтат нэвтрүүлэг, телевизийн реалити нэвтрүүлэг шоуг “Боловсрол” телевизтэй хамтран аравдугаар сарын 4-нөөс эхлэн үзэгчдэд хүргэж буй.