Аравдугаар сарын 12-ны бямба гаригт Япон улсад хар салхины гамшиг нүүрлэсний улмаас тус улс ихээхэн хохирол амссан. “Хагибис” хар салхины улмаас сүйтгэгдсэн дэд бүтцийг сэргээн засварлах ажилд зориулан улсын төсвөөс 710 сая иен буюу 6,5 сая ам.доллар зарцуулах шийдвэрийг Японы Засгийн газар гаргасан.
Тэгвэл Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Хагибис” хар салхины улмаас их хэмжээний хохирол амссан нутгуудад өнөөдөр гарагт очиж, ард иргэдтэй биечлэн уулзана.
Абэ Шинзо өчигдөр гарагт Байгалийн гамшгийн уршгийг арилгах албаны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн нутгийн оршин суугчид хүйтэн цаг уурыг туулахад бараа болон үйлчилгээний тусламж шаардлагатай байгааг онцолжээ.
Ерөнхий сайд хар салхинд нэрвэгдсэн нутгуудад очиж, гамшигт үзэгдлийн учруулсан хохирлын хэмжээ болон оршин суугчид, албаны төлөөлөгчдөд шаардлагатай байгаа зүйлсийг олж мэдэх хүсэлтэй байгаа гэнэ. Тэрбээр өнөөдөр гарагт Мияги, Фүкүшима мужид очихоор төлөвлөсөн талаар холбогдох албаныхан мэдээлсэн байна.
Эргэн сануулахад, “Хагибис” хар салхи өнгөрсөн бямба гаригт Японы ихэнх нутаг дэвсгэрээр дайрч, Хонсю арлын Номхон далайн эргээр өнгөрсөн юм. Өчигдрийн байдлаар 73 хүн амиа алдсан, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн, 12 хүн ор сураггүй болсон гэсэн албан ёсны мэдээлэл гарчээ. Японд сүүлийн хагас зуун жилийн хугацаанд тохиосон хамгийн хүчтэй хар салхины улмаас тус улс даяар 12 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болсон бол Японы зүүн хойд хэсэг дэх орон сууцны хорооллууд усанд автсан хэвээр, энэ хэсгүүдэд ус шавхах ажил үргэлжилж байгаа аж.
“Хагибис”-ын хор хөнөөл, хохирлыг арилгах талаар ням гарагт болсон хурлын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хар салхины гамшигт өртөж амиа алдсан, гамшигт нэрвэгдсэн бүх хүмүүст эмгэнэл илэрхийлсэн юм.