Хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ Катарын Доха хотноо болж өндөрлөлөө. Тус ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд гараанаас 42 орны 73 тамирчин гарсны дотор манай улсын тамирчин Бат-Очирын Сэр-Од, Цэвээнравдангийн Бямбажав нар уралдлаа. Хэдийгээр орон нутгийн цагаар шөнийн 23:59 цагт уралдаан эхэлсэн ч 32 градус халуун, 51 хувийн чийгшэлтэй нөхцөл байдалд тэмцээн өрнөв.
"Доха-2019"-ийн эмэгтэй, эрэгтэй марафон гүйлт аль аль нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн "халуун" нөхцөлд болсон марафон хэмээн тэмдэглэж байгаа билээ.
"Монгол хүмүүс цас бороог бол тэвчиж чаддаг. Харин бүгчим, чийглэг халуун бол тун хэцүү юм байна" хэмээн дасгалжуулагч О.Оюунтуяа уралдааны дараа өгүүлсэн. Эмэгтэйчүүдийн марафонд гараанаас 71 тамирчин гарснаас 28 нь барианд орж чадаагүй. Харин эрэгтэйчүүдийн марафонд 73 тамирчин гараанаас гарч, 18 нь барианд орж чадсангүй. Барианд орж чадаагүй тамирчдын дунд марафонд өндөр амжилт үзүүлдэг Этиоп, Танзани, Марокко, Кени, Бахрейн, Итали, Турк, Хятадын тамирчид байсан аж.
Ц.Бямбажав 2 цаг 20 минут 07 секунд гүйж 40-р байранд, Б.Сэр-Од 2 цаг 36 мин 01 секунд гүйж, 54 дүгээр байранд тус тус орлоо. Б.Сэр-Одын хувьд 2003 оноос эхлэн завсаргүй есдэх ДАШТ-дээ оролцсон юм. Б.Сэр-Одын амжилт үнэхээр бахдам амжилт бөгөөд тэр тусмаа хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрөлд тооцогддог марафон гүйлтээр оролцож буй учир түүнийг онцлохгүй байхын аргагүй билээ.