Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос "Токио-2020" олимпын наадмыг угтан, олимпын хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
Олимпын наадамд оролцох эрх авах, улмаар олимпын наадмын медаль хүртэх боломжтой, шилдэг тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж байна. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг ОУОХ-нд илгээн шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт Монголын 17 тамирчин хамрагдаж байна.
Өчигдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган тус хөтөлбөрт хамрагдсан тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан тэтгэлгийг гардуулж, амжилт хүсэв.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь ОУОХ, МҮОХ, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэж байгаа юм. Тодруулбал, тамирчид сард 250, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд зориулж 26 ам.доллар, мөн эм витаминжуулалтад 38 ам.долларын дэмжлэг үзүүлж байна.
"Токио - 2020" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид:
Жүдо - Д.Сумьяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү
Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа
Бокс - Б.Чинзориг, М.Намуун
Чөлөөт бөх - С.Цэрэнчимэд, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг
Таэквондо - П.Тэмүүжин
Хөнгөн атлетик - Д.Гантулга
Байт харваа - Ж.Гантөгс
Хүндийн өргөлт - М.Анхцэцэг