Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн Монгол-Япон сургалтын эмнэлгийн амбулатори өчигдрөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.
Нээлтийн үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока “Эмнэлгийн албан ёсны нээлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүсийн хамт өнгөрсөн зургадугаар сард хийсэн. Түүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрчээ.
Амбулаторийн үйл ажиллагааг ийнхүү өчигдөр нээж, иргэдээ хүлээн авах боломжтой боллоо. Арван жилийн өмнө энэхүү эмнэлгийг барьж байгуулах ажил маш олон хүний хүч, хөдөлмөрөөр эхэлж байсан. Эмнэлгийг орчин үеийн техник технологиор тоноглосон, Японы менежментээр ажиллах монголын анхны сургалтын эмнэлэгт юм.
Мөн АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Монгол, Япон улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийг барьж байгуулах төсөл 2012 онд анхны хэлэлцүүлгүүд өрнөж, Монгол Улсын Засгийн газар Их Сургуулийн эмнэлэг барьж, ашиглалтад оруулахад буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлт бичгийг Японы улсын Засгийн Газарт хүргүүлснээс хойш долоон жил өнгөрч, өнөөдөр АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчдийн мөрөөдөл биеллээ олон анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авах энэ мөчид бид маш их хариуцлага даалгавар ирж байгааг ухамсарлаж байна. Бид бүхний энэ хичээл зүтгэлээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэчлэл, шинэ технологийг бий болгосон, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх их сургуулийн эмнэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Манай их сургууль энэ сайхан эмнэлгээ Монгол улсын тэргүүлэх, сайн жишиг болсон эмнэлэг болгож ажиллахын тулд бүхий л нөөц бололцоогоо ашиглаж хичээх болно. Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мянга мянган төгсөгчдийн өмнөөс Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА, сайхан сэтгэлт Японы ард түмэнд гүнээ талархаж буйгаа дахин илэрхийлье” гэж хэллээ.
Тус эмнэлэгт нийт 500 гаруй ажилтан ажиллан, их сургуулийн эрдэмтэн доктор, профессор багш нар мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэх мэт нийтдээ 17 чиглэлийн 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол Улсын нийт хүн амд үзүүлэх юм.
Амбулатори нь өдөрт 400, сард 8800, жилд 105600 гаруй үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ, БЗД-ийн 10, 12, 13, 26 дугаар хороонд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Амбулатори, радиологийн төв, дурангийн төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж, мэдрэл дотор, хүүхдийн эмгэг судлалын тасгийг 11 дүгээр сард, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын тасгийг ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эмнэлгийн нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон хүндэт зочид төлөөлөгчид, ЖАЙКА-гийн төв байгууллага болон Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хамт олон АШУҮИС-ийнэрдэмтэн багш нар, доктор, профессор, үе үеийн төгсөгч, оюутан залуус оролцлоо.