БНСУ-ын визний хариу 2-3 долоо хоногт гардаг болно

БНСУ-д зорчих визний журмын өөрчлөлтийн талаар “Ийгл ньюс” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, консул Кил Кан Мүг оролцож мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрээр дараах өөрчлөлтүүдийг онцолсон юм.

Нэгдүгээрт, Элчин сайдын яам 2012 оноос эхлэн өнгөрсөн найман жилийн хугацаанд виз хүсэгчдээс банканд хадгаламж байршуулах нөхцөл тавьдаг байсан бол энэ нөхцөл үгүй болж оронд нь виз хүсэгчийн дансны сүүлийн зургаан сарын хуулгыг авдаг болсон.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр буюу E-9 ангиллын визтэй Солонгост ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн гэр бүл буюу эхнэр юм уу нөхөр, эцэг эх, хүүхэд виз мэдүүлж байгаа тохиолдолд ямар нэгэн санхүүгийн баталгаа шаардахгүй, зөвхөн солонгосоос сүүлийн зургаан сард гэр бүл рүүгээ мөнгө илгээсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг авдаг болсон.

Гуравдугаарт, урьд өмнө нь Солонгос руу хууль журмын дагуу, ямар нэгэн зөрчилгүйгээр зорчиж байсан иргэд, албан ажил, дипломат шугам, томилолт, хурал уулзалтад оролцох гэх мэт зорилгоор солонгос руу явах гэж байгаа тохиолдолд материалыг 7-10 хоногийн хугацаанд хурдан шуурхай шалгадаг болж байгаа.

Үнэн зөв мэдээлэл бүхий материал учир 2-3 долоо хоногийн богино хугацаанд шалгаж визний шийдвэрийг гаргах боломжтой.

Дөрөвдүгээрт, виз мэдүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг ашиглах боломжтой болсон. Өнөөдрийг хүртэл солонгост зорчих виз хүсэгчид 3-4 сар хүлээж хариугаа авдаг байсан. Харин бид өнгөрсөн наймдугаар сарын 26-нд визний журмын өөрчлөлтийг танилцуулахдаа визний хариу 2-3 долоо хоногийн дотор гардаг болно гэж зарласан. Гэхдээ энэ нь одоо яриад байгаа хур системийг ашигласнаар боломжтой болно гэсэн үг юм. Виз мэдүүлэгч зөвшөөрвөл Хур системд холбогдож хувийн мэдээллийг шалгаад, шууд хэвлээд авна. Үнэн зөв мэдээлэл бүхий материал учир 2-3 долоо хоногийн богино хугацаанд шалгаж визний шийдвэрийг гаргах боломжтой. Хэрвээ виз мэдүүлэгч зөвшөөрөхгүй бол холбогдох төрийн байгууллага болон ТҮЦ машинаас шаардлагатай материалуудаа бүрдүүлж авчирч өгч болно. Гэхдээ визний хариу гарахад Хур системээр дамжсанаас хугацаа илүү шаардагдана.

Татгалзсан хариу авснаас зургаан сарын дараа виз мэдүүлэх журамтай ч, хүндэтгэх шалтгаан байгаа тохиолдолд харгалзаж үзэх болно.

Тавдугаарт, Монголын ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн коллежид солонгос хэлний багш нар болон тэдгээрийн гэр бүлд олон удаагийн визийг хөнгөвчилсөн нөхцөлөөр олгохоор болж байна.

Зургадугаарт, виз мэдүүлэгч татгалзсан хариу авсан тохиолдолд зургаан сарын дараа виз мэдүүлэх боломжтой болсон.

Долдугаарт, виз мэдүүлэхдээ хууль бус буюу хуурамч материал бүрдүүлсэн, бүрдүүлж өгсөн гэх мэт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн хүний мэдээллийг визний нэгдсэн системд бүртгэж авдаг болж байгаа. Ингэснээр тухайн хүний мэдээлэл хадгалагдаж дараа виз мэдүүлэхэд нь сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм.

Е-9 виз буюу хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр солонгост 6700 монгол иргэн амьдарч байгаа ажээ.  E-9 ангилал гэдэг нь хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллах боломжтой виз бөгөөд урьд нь Е-9 визтэй хүний эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхэд виз мэдүүлэхэд яг адилхан мөнгө байршуулах шаардлага тавьдаг байсан. Харин энэ удаа таван сая төгрөг байршуулах нөхцөлийг хассан учраас Е-9 визтэй иргэдийн гэр бүл виз мэдүүлэхэд хялбар болгож, сүүлийн зургаан сард солонгосоос гэр бүлдээ мөнгө шилжүүлсэн болохыг баталсан материал авдаг болж байна. Солонгос улс хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр гадаадын 16 улс орноос ажиллах хүч хүлээн авдаг. Гэхдээ энэхүү хөнгөвчилсөн нөхцөл зөвхөн Монголд л хэрэгжиж эхэлж байгаа гэнэ.