500 мянган төгрөгөөр брэнд бүтээсэн гэр бүлийн түүх

Бид “Success History” буландаа оргүйгээс овоо босгон, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөж чадсан амжилттай энтерпренёрүүдийн түүхийг онцлох болно.

Та санаж байгаа бол бид өмнөх дугаартаа дэлхийн хамгийн залуу бизнес эрхлэгчдийн амжилтын түүхийг хуваалцаж байсан. Харин энэ удаад Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн амжилтаас өгүүлж байна.

  • Брэндийн нэр: Urlal Brand Of Mongolia
  • Байгуулсан огноо: 2005
  • Үйл ажиллагааны чиглэл: Гар урлал
  • Бүтээгдэхүүний онцгой байдал: 100 хувь гар аргаар 100 хувь хонины ноосоор хийдэг
  • Хүний нөөц: 45 ажилтантай

Бизнесийн гараагаа эхлэхэд заавал их мөнгө хэрэгтэй гэж үү. Мэдээж үгүй. Үүнийг батлах түүх, туршлагууд олон.

Таны харж байгаа энэ залууг Т.Батдорж гэдэг. Тэр бол энэ түүхийн эзэн. Тэрээр анх халаасандаа 500 мянган төгрөгтэй л бизнесээ эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэр үрэлгэн залуусын нэг өдрийн шоуны мөнгөөр бүхэл бүтэн брэнд босгосон юм. Т.Батдорж энэхүү мөнгөөр 150 эсгий шаахай үйлдвэрлэж, 12 мянган төгрөгөөр борлуулан тухайн үедээ 1.8 сая төгрөг олсон байна. Үүнээс ажлын хөлс, материал угаах, түүхий эд худалдан авсан зардлаа хасаад 320 мянган төгрөгийн цэвэр ашиг олжээ. Хэдийгээр бага мөнгө шиг сонсогдож байгаа ч энэ нь түүний бизнесээ амжилттай үргэлжлүүлэх эхлэл нь болсон байна.

 

    Энэ тухай тэрээр “320 мянган төгрөгийн ашиг гэдэг бол надад маш том урам байлаа. Цэвэр ашиг 40 хувь байхад цаашдаа ажиллаж чадвал “шатахгүй” бизнес гэдгийг мэдэрсэн. Тухайн үед ээж маань зураг, хөдөлмөрийн багш байсан учраас бүтээгдэхүүний загвар, дизайныг бүхэлд нь гаргачихна. Ингээд л ажиллах нөөцөө ч гэр бүлийн бусад 8 гишүүдээр бүрдүүлэн, хоршооны зарчмаар үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн.

     Бидний ялгарах гол онцлог нь нарийн, нарийвтар ноосыг ямар нэгэн өөр түүхий эдтэй холихгүй 100 хувь гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж ирсэнд байгаа юм. Мөн бид бүтээгдэхүүний орцоо хэзээ ч өөрчилж байгаагүй.

  Чанарыг эн тэргүүнд тавьдаг байсан учраас хэрэглэгчийн тоо ч өсч, брэндээ баталгаажуулж чадсан. Нэг үгээр, чанартай, тууштай байдал өнөөдрийн “Урлал” брэндийг бий болгосон” хэмээв.    

-30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ тэлжээ-

Гэхдээ түүний бизнес үргэлж өсөлттэй, өгссөн зарчмаар яваагүй. Бусад бүхий л гарааны бизнесийн адил эрсдэлтэй нөхцөлтэй тулгарч байсан гэдэг. Тэд өөрийн гэсэн ноос боловсруулах, будганд оруулах үйлдвэргүй “гар аргаар” хийдэг байсан учраас захиалга нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн зүгээс “Хүссэн өнгө, загвар нь биш. Захиалга нь буруу байна” гэх гомдлыг дагуулах болжээ. Ингээд уг асуудлыг шийдэж, өнгө гаргалтыг сайжруулахын тулд 2010 оноос “Говь”, “Сор Кашмир” зэрэг Монголын томоохон үйлдвэрүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн байна.  Энэхүү хамтын ажиллагаа нь тэдэнд сайн үр дүн авч ирсэн юм. Өдгөө хэрэглэгчийн хүссэн өнгөний дагуу шаахайгаа будганд оруулж, сард 1000, жилдээ 12 мянган шаахай үйлдвэрлэж, Монголдоо төдийгүй Норвеги, Япон, АНУ, ОХУ, Казахстан, Герман улсад бараагаа экспортолдог болжээ. Хувиар авч үзвэл, тус брэндийн борлуулалтын 80 хувийг гадаадын зах зээл, 20 хувийг дотоодын зах зээл эзэлдэг аж. Гэхдээ Монголчуудын үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага бодитой нэмэгдсэн гэдгийг “Урлал” брэндийн захирал Т.Батдорж онцолсон ба энэ нь сүүлийн 6 жилийн дотоодын хэрэглэгчдийн худалдан авалт өссөнөөс харагдаж байгаа гэв.

14 жилийн өмнө тэрээр зөвхөн эсгий углааш үйлдвэрлэдэг байсан. Харин одоо ноосон пальто, цамц, бэлэг дурсгалын зүйл, сувинер зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн захиалгын дагуу хийж, гүйцэтгэдэг болсон байна.

Өдгөө Монголд “Цагаан Алт” нэрийн дэлгүүртэй. Үүнээс гадна “Говь” брэндийн нэрийн дэлгүүр, “Сувинер хаус”, “Номин” их дэлгүүр, “Галерей” сувинер шоп зэрэгт болон Монголын томоохон 10 сүлжээ дэлгүүрт бараагаа нийлүүлж буй. Тухайн байгууллагууд үйлдвэрийн үнэ дээр өөрийн дэлгүүрийн лангууны 30 хувиа нэмж зардаг ч үнийн хувьд нэг их хол зөрүүгүй байх зарчмыг баримталдаг аж.

“Цаашдаа ноос боловсруулах үйлдвэртэй болох зорилт тавьж байгаа бөгөөд хэрэв боловсруулах үйлдвэртэй болчихвол малчдаас худалдан авсан ноосоо угааж, боловсруулаад бүтээгдэхүүнээ олон тоогоор үйлдвэрлэж, зах зээлээ тэлэх боломж бүрдэнэ” гэдгийг тус брэндийнхэн онцолж байлаа.

-14 жилийн уйгагүй хөдөлмөрийг ЮНЕСКО үнэлэв-

Юнескогийн “Монголын үндэсний өв соёл” гэдэг батламжийг гардан авсан цорын ганц Монгол брэнд. Мөн Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхим болон ХААХҮЯ-ны “Үндэсний гар урлалын брэнд” гэдэг тодотголтой олон арван шагналын эзэд.

Four seasons melody magazine, №63