Грета Тунбэргийг ОХУ-ын Төрийн Думд үг хэлэхийг урьжээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс дэлхийн удирдагчдыг “загнасан” 16 настай сурагч Грета Тунбэргийн байгаль орчны асуудлаарх яриа Оросын иргэдийн анхаарлыг татаж маргаан хэлэлцүүлэг өрнүүлсэн аж. Тэгвэл ОХУ-ын парламентын гишүүн Василий Власов түүнийг Төрийн Думд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар өөрийн үгээ хэлэхийг урьжээ. Тэрбээр Гретаг боломжтой үедээ ОХУ-д ирж Төрийн Думд үг хэлэхийг уриад залуу улстөрчид “хөгшчүүлтэй” зарим асуудлаар хэлэлцүүлэг, маргаан өрнүүлэхэд хүндрэлтэй байдгийг тайлбарлажээ.

Өдгөө 24 настай залуу улстөрч Василий Власов нь Төрийн Думын Байгалийн нөөц ашиглалтын хорооны гишүүн юм. Тэрбээр Шведийн дунд сургуулийн сурагч Грета Танбэргэд хаягласан захидлаа Москвад байрлах тус улсын Элчин сайдад гардуулсан бөгөөд хэвлэлд нийтэлжээ.

Сүүлд ОХУ-ын Сибирьд олон зуун га талбайг хамарсан ойн түймэр гарч, дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг үр дагаварт олон нийтийн анхаарлыг хандуулжээ. Түүнчлэн ОХУ нь хүлэмжийн хий ялгаруулалтаар дэлхийн дөрөв дэх том орон болсон бөгөөд бусад орнуудаас илүү хурдацтай цаг уурын өөрчлөлт болж байгааг Байгалийн нөөц, байгаль орчны сайд мэдэгджээ.