Ч.Хүрэлбаатар: Өрхийн хэрэглээ нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2019.10.02/ хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрбээр, 2018 оны санхүүгийн тайланг хуулийн хугацаанд аудитад оруулж, УИХ-д танилцуулсан. 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл 9,3 их наяд, төсвийн зардал 9,3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 27,9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа тохиолдож байна. Эдийн засгийн эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, экспорт нэмэгдсэн, НӨАТ нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтийн үр дүнд нэгдсэн төсвийн нийт орлого 10,2 их наяд төгрөгт хүрсэн. Түүнчлэн төсвийн сахилга батыг сайжруулсан жил болж өнгөрсөн. Ийнхүү танилцуулгын дараа гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал,

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Төсвийн гүйцэтгэл ярьж байхад яагаад Төв банкныхан байхгүй байна вэ. Мөнгөний бодлого яриагүй ч төсөв ярьж байгаа учраас хариулт авч чадахгүй байна.  Урсгал дансны алдагдал 2,2 тэрбум ам.доллар болсон байгаа нь ямар учиртай юм бэ. Үүнд хэн хариулт өгөх вэ. 2018 оны төсвийн үр дүн сайн гарсан ч цаашид бодох зүйл их байна. Төсвийн тодотгол хийхийг Ч.Хүрэлбаатар сайдад шахсан ч хийгээгүй гарсан. Мөн янз бүрийн бонд гаргаагүй нь сайн үзүүлэлт гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Жил бүрийн төсвийн төлөвлөлтийг яаж хийж байна вэ. Монголын эдийн засгийн потенциал ч сайн. Эдийн засгийн потенциалдаа тулгуурлаж, төлөвлөлтийг яаж хийж байна вэ. Мөн далд эдийн засгийг яах ёстой вэ, саарал жагсаалтад орох шалтгааны нэг нь далд эдийн засаг байгаа шүү дээ. НӨАТ-ын урамшууллыг цаашид боловсронгуй болгох, илүү үр өгөөжтэй болгох боломжтой юу.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Бид төлөвлөлт хийхдээ эдийн засаг ямар байх, ямар салбарт өсөлт гарч, ямар салбарт эрсдэлтэй байх вэ гэдгийг тооцдог. Сангийн яамнаас гаргасан төлөвлөлт их ойролцоо байдаг. Бид ОУВС-аас болгоомжилж, бага байдлаар төлөвлөлтийг тусгах саналыг өгдөг. Эдийн засгийн өсөлтийг тооцоолсны дараа орлогоо тооцоолдог. Өмнөх жилүүдийн төлөвлөлтийг харж, хаана алдаа гаргасан байна вэ гэдгээ тооцоолж, төсвийн алдагдлын хязгаартаа тулгуурлаж тооцоолж буй. Бидний хувьд арай гүйцэд харж амжаагүй нэг зүйл бол эдийн засгийн идэвхжил байгаа. Энэ нь далд эдийн засагтай уялдаж, энэ чиглэлийн тооцоо байхгүй байгаа. НӨАТ-ын хамрагдалтын хэмжээ нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт дээр алдаатай зүйлүүд байсан ч Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эдийн засгийн тооцоололтой нь уялдуулах төлөвлөлт рүү орж байгаа.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАТВАРЫН ОРЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Н.ЦОГТЖАРГАЛ:

-НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг 2016 оноос хэрэгжүүлж байгаа. 2018 онд  898,4 тэрбум төгрөгийн төвлөрүүлсэн. 2019 онд нэг их наяд төгрөгийн НӨАТ-ыг төсөвт оруулахаар төлөвлөж байна. 2016 онд цахим төлбөрийн системээс 192 сая баримт хэвлэгдэж байсан бол 2018 онд 435 сая баримт хэвлэгдсэн байгаа юм. Урамшууллын бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АМАРЗАЯА:

-2018 оны төсвийн гүйцэтгэлд эдийн засгийн өсөлт 6,8 хувь хүрсэн гэж байна. салбаруудаар нь ангилж харахад барилгын салбар 2018 онд хасах хувь, боловсруулах үйлдвэр өндөр хувь эзэлж байгаа ч өмнөх оноос мөн л буурсан үзүүлэлттэй байна. Бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээвэр, гадаад худалдаа бас бууралттай байна гэж байгаа ч эдийн засгийн өсөлт сайн байна гэж яриад байна.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-2018 онд эдийн засаг 7,2 хувиар өссөн. Хөдөө аж ахуйн салбар 4,5 хувь, үйлдвэрлэлийн хэмжээ 7,4 хувиар, үйлчилгээ 5 хувь, цэвэр бүтээгдэхүүн 20 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Өсөлтийн гол шалтгаан хэрэглээний өсөлт байсан. Өрхийн хэрэглээ 50,8 хувь, төрийн байгууллагын хэрэглээ 11,7 хувиар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн. Цэвэр экспортын нөлөө -5,6 хувьтай байгаа. Эдийн засгийн өсөлт явагдаж байгаа нь төсвийн орлого бүх сум, аймаг дээр байхаас гадна, бүх төрлийн татварын биелэлтээр харагдаж байна. Өрийн удирдлагын тухай хуулиар өр дээр богино хугацаатай өндөр хүүтэй зээл эсвэл урт хугацаатай бага хүүтэй зээл байна уу гэдгийг сайн анзаарч харах ёстой гэдэг зарчим баримталж байгаа. Өнөөгийн үнэ цэнээр Монгол Улсын нийт өр ДНБ-ний 85 хувьтай тэнцэж байгаа. Цалин, тэтгэврийн хэмжээтэй адил дүнг бид зээлийн хүүнд төлдөг байсан. Одоо бид хүүгийн дарамтыг гурав дахин буруулж чадсан. Өр бол эдийн засагт үзүүлэх нөлөө, төсөвт учруулах дарамт буурч байгаа нь бодитой үр дүн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2018 оны төвсийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.