Монголын таеквондогийн холбоо Ойта мужийн таеквондогийн холбоотой хамтарч ажиллана

“Монголын Таеквондогийн Холбоо” ГҮТББ-ын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Онон, Дэд Ерөнхийлөгч Э.Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар нар Япон улсад ажлын айлчлал хийж байна.

Өнөөдөр /2019.10.02/ холбооны төлөөлөгчид Ойта муж болон Ойта мужын Таеквондогийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Токио-2020" олимпийн их наадмыг угтан хоёр талын тамирчид харилцан туршлага солилцож хамтарсан бэлтгэл, хоёр талын зохион байгуулах тэмцээнд тамирчдаа харилцан оролцуулах зэрэг хэд хэдэн чухал ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Монголын талаас “Монголын Таеквондогийн Холбоо” ГҮТББ-ын удирдлагуудаас гадна Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Батжаргал, Японы талаас Ойта мужын дарга Кацусада Хиросэ, Уса хотын дарга Шүжи Корэнага, Ойта мужын Таеквондогийн холбооны ерөнхийлөгч Нагано Осаму нар оролцлоо.

Түүнчлэн Монголын таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид 2017 онд Ойта мужын Таеквондогийн холбооны урилгаар 14 хоног хамтарсан бэлтгэл хийж байсан түүхтэй.