Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ 2019 оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ. Уг хэргийн шүүх хурал өчигдөр Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнэбат, холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар оролцсон юм.
Шүүхээс А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, Р.Вандлхангаад эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын ял оноожээ.
Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн байдаг бол 28.3 зүйлийн 1 дэх хэсэгт "Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" заасан байдаг.
Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгаас цэрэгт татагдсан байлдагч А-г гүйлтэнд гүйж байгаад ухаан алдаад, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан.
Талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбат "Хэрэг гарсан тухайн өдөр миний дүүг зодсон байгаа юм. Шарх, сорви нь бие дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. “Гүйж чадахгүй нь ээ, амьсгаа давчдаад байна” гэхэд нь баашиллаа гээд “нүдэж”. Хамт байсан цэргүүд нь тэгж хэлж байна лээ. Дараа нь цэргийн казармд ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн” гэж хэргийн талаар ярьсан байдаг.