Өнөөдөр Олон Улсын Ахмадын баярын өдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм.
НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар дэлхийн олон орон жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэдэг. Манай улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан энэ өдрийг тэмдэглэдэг.
Дэлхий дахинд 60-аас дээш настай тэрбум орчим ахмад настан амьдарч байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг эзэлдэг. Тэгвэл 2030 онд 1.4 тэрбум, 2050 онд 2.0 тэрбум хүрэх төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, манай гаригт амьдарч буй 10 хүн тутмын нэг нь 60 буюу үүнээс дээш насны хүн ам байгааг Дэлхийн насжилтын хяналтын индекст дурджээ. Хэрэв энэ хандлага хэвээр хадгалагдвал 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60 буюу түүнээс дээш насны хүн ам болохоор байгаа юм.
Монгол Улсын тухайд Ахмад настны тухай хуулийн 3.1-д заасны дагуу ахмад настанд 60, түүнээс дээш эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй хүнийг хамруулдаг.
Монгол Улсад нийт 331 мянга 300 ахмад байна. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй, дундаж наслалт нь 67 байна.