Чингис хаан хотод найман эко автобус үйлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотод ажиллах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцав.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хотдоо эко цахилгаан автобус нэвтрүүлэх санаачилга гаргасан нь дэмжигдэж одоогоор найман автобус зургаан баг руу батлагдсан цаг, хуваарийн дагуу үйлчилж байна.  Цаашид тоог нь нэмэх бөгөөд 50 автобусны буудлын зураг, шаардагдах төсвийг боловсруулан ирэх оны төсөвт тусгуулахаар төлөвлөжээ. УИХ-аар энэ асуудал дэмжигдвэл Чингис хот орчин үеийн шаардлага, өнгө үзэмжид нийцсэн буудалтай болж, нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн нэвтрэх боломжтой юм байна.

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, түлшинд хэмнэлттэй, тав тухтайгаас гадна ахмад настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа энэ жишээг төв суурин газруудад нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.