Ирэх долоо хоногт Улаанбаатарт анхны ЦАС ОРНО

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр  өнөө шөнө Булган, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Мөн өнөө шөнө, маргааш өдөртөө ихэнх нутгаар сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Улаанбаатарын ойрын өдрүүдийн цаг агаар:

Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд  зарим газраар, 2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 30-н болон 10-р сарын 1-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө  26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.