Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам нь мэдээллийн системийн тусламжтай боловсролын баримт бичиг дэх монгол бичгийг гараар бичих шаардлагагүй болжээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулиуд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн лавлагааг яамнаас авах шаардлагагүй болж, өөрсдөө хэвлэх боломжтой болсон байна.
Энэ талаар БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн системийн зөвлөх Д.Үнэнбат "Боловсролын баримт бичгийн лавлагааг ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдөө хэвлэх болсноор яамнаас олгодог лавлагааны тоо буурч байна. Энэ сард ТҮЦ машинд ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны төгсөгчдийн үнэмлэх хадгалагдлаа. Гадаадад суралцах хүсэлтэй залуус Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамыг зорих шаардлагагүй ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулж адистатын тодорхойлолтоо авч болно. Уг тодорхойлолтыг жилд 3000-4000 гаруй хүүхэд, залуус тогтмол авдаг. Өөрөөр хэлбэл, адистатын тодорхойлолт олгох 24 цагийн үйлчилгээг нэвтрүүлснээрээ иргэдийн цаг завыг хэмнэж байна” гэв.