Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан тоон судалгаагаар улсын хэмжээнд хорт хавдартай хэмээн оношлогдсон 18 мянга гаруй иргэн бий. Дээрх хавдартай иргэдийн 6073 нь буюу 30 гаруй хувь нь өнгөрсөн жил хорт хавдраар өвчилсөн гэдгээ оношилогооны тусламжтай мэджээ. Үүнээс гадна 2017 онд хорт хавдрын улмаас 4003 хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр 10-11 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхиж байгаа юм.
Ийнхүү манай улсад хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буйгаас Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүйд хүрч, хэвтэн эмчлүүлэгчийн дундаж ор хоног тав хоног болоод байгаа юм. Иймд дотоодын компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хорт хавдартай тэмцэх аянд нэгдэж эхэлжээ.
Өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр С.Болдбаатар захиралтай “Эрүүл Монгол Мах Эко” компанийн хамт олон Хавдар Судлалын Үндэсний төвд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хоёр тонн үхрийн мах хандивлажээ. Хандивын махыг тус эмнэлгийн хоол үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна ХСҮТ-д олон жил ажилласан ахмад буурлууд, нийгмийн дэмжлэг нэн шаардлагатай ажилтнуудын ахуй амьдралд нь тус дэм болгон өгсөн байна. “Эрүүл Монгол Мах Эко” ХХК нь 110 гаруй ажилтантай бөгөөд мах боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг. Ийнхүү тус компанийхан монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хорт хавдрын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэхийн зэрэгцээ бусад аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг энэхүү сайн үйлст нэгдэхийг уриаллаа.