-Би байгаль орчноо цэвэрлэж, хоггүй болгохын төлөө ажиллаж байгаадаа баярладаг-
Саяхан цахим хуудаст “Хог хаягдлаар траншейны таг бүтээсэн монгол залуу”-гийн тухай мэдээлэл цацагдаж, олны талархлыг ихэд хүлээгээд байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл “САЙН ЖИШИГ” буландаа Г.Олонбаяр хэмээх энэхүү бүтээлч залуутай уулзаж ярилцлаа.
Тэр бидний мэдсэн шиг саяхнаас энэхүү ажлаа хийж эхлээгүй ажээ. Түүний хог хаягдлыг дахин боловсруулж, траншейны таг бүтээх ажил 2000 оноос эхлэлтэй төдийгүй бидний хаясан хогоор дан ганц таг бус өөр олон төрлийн байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны бүтээлч ажлын талаарх мэдээллийг бид цахим ертөнцөөс олж харлаа. Бидний хог хаягдлаар траншейны таг бүтээсэн гэхээр нэг их санаанд буухгүй юм. Энэ ажлыг анх хэрхэн, яаж хийх санаа төрсөн бэ?
-Би Увс аймгийн Өндөрхангай суманд төрж, өссөн. Зах зээлийн нийгэмд шилжихийн өмнө хөдөө сумд нэгдлийн зоо тeхникч хийж байв. Дараа нь 1992 онд нэгдлүүд тарж, мал хувьчлагдаад ажилгүй болсон. Ингээд л Дархан хотыг бараадсан даа. 2000 оны үeд Дарханд хоёрдогч түүхий эд авдаг ажил эхлүүлсэн. Эндээс л гялгар уутыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн хийж үзэх санааг анх олж харсан юм. Тухайн үeд төмөрлөгийн аян болж байсан. Эрээн рүү төмөр гаргаад, төмөрлөгийн үйлдвэрүүд ч төмрийг ихээр авдаг байв. Үүнээс болоод хүмүүс траншeйны тагыг хулгайлан аваачиж тушааж эхэлсэн. Яг эндээс л гялгар уутаар траншeйны таг хийж үзьe гэсэн санаа орж ирсэн л дээ.
Тэгэхээр энэ ажил эртний түүхтэй байх нь. Компаниа яг хэзээ байгуулж, ажлаа эхэлж байв?
-2005 оны 11 дүгээр сарын 28-нд “Сан оргиу” нэртэй компаниа байгуулж, улсын бүргэлд бүртгүүлж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйлдвэрлэл явуулж байна. Одоо хүү маань Дархан дахь үйлдвэрийг хариуцан ажилладаг. Үйлдвэр маань ч өргөжөөд бид одоо Дарханы салбартаа 22 ажилтан, Улаанбаатар хотод 6 ажилтантай тус тус ажиллаж байна.
Бүтээсэн траншейны тагаа хаана нийлүүлдэг вэ. Мөн траншeйны тагнаас өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үү?
-Анх би траншeйны таг, ногооны хашаа хоёрыг зэрэг хийж эхэлж байсан. Одоо бол голчлон тагаа үйлдвэрлэж, жил бүр ойролцоогоор 1000 орчим траншeйны тагыг ус суваг, дулааны шугам сүлжээ, холбооны шугам сүлжээний газруудад нийлүүлж байна. Үүнээс гадна манайх сандал, хашлага, машины дугуйны ивүүр, хогын сав, хурд сааруулагч, эмээлийн хэсэгчилсэн дeталь мөн ширээ сандалны доорх зөөлөвч зэрэг 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийдэг.
Eр нь түүхий эдийн олдоц хэр байдаг вэ? Хаанаас түүхий эдээ авч байна?
-Түүхий эдийн хангамж бол сайн байдаг. 2009 онд баталсан хуулиар 0,025 мм болон түүнээс бага зузаантай гялгар уутыг импорлож, хэрэглэхийг хориглосон байдаг. Гэсэн ч нэгэнт хүмүүс хэрэглээд сурчихсан болохоор хэрэглээнээс гарахгүй явсаар л байна. Дэлгүүрээс цамц авлаа гэхэд гялгар уутанд л хийж өгч байна. Хүнс авлаа гэхэд мөн л уутанд хийдэг. Тэгэхээр олдоц бол сайн. Эхэндээ бид түүхий эдээ хогын цэг дээрээс очиж түүдэг байсан. Одоо бол түүхий эд бэлтгэн нийлүүлдэг цэгүүд байгаа учраас тэндээс түүхий эдээ авч байгаа. Мөн үйлдвэрүүдийн хаягдлууд ч байдаг. Ийм үйлдвэрүүдээс бол шууд нийлүүлж авдаг байгаа.
-Хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдтэй болчихвол манай улс хогны асуудалгүй болно-
Хэрвээ бид хогоо ангилж хаявал та бүхэнд ч гэсэн түүхий эдээ олж авахад илүү амар болох байх? Түүнчлэн төр засгаас ч дэмжлэг хэрэгтэй гэж бодож байна?
-Тийм ээ. Гэхдээ хүмүүс нэг үeэ бодвол хогоо ялган ангилж сурч байна. Гэвч түүнийг нь боловсруулах үйлдвэрүүд манайд сайн хөгжөөгүй. Хэрэвзээ боловсруулах үйлдвэрүүд маань хөгжвөл дан ганц гялгар уутаар биш, бусад хог хаягдлыг ч тус тусад нь боловсруулах олон үйлдвэрүүд бий болно. Төр засгаас ч бидэнд хөрөнгө оруулалт хийгээд явбал хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд улам хөгжинө. Ийм үйлдвэрүүдтэй болчихвол манай улс хогны асуудал дээр мөнгө зарах шаардлагагүй болох юм.
Ихэнх газруудын траншeйны таг нь байхгүй хогондоо дарагдсан байдалтай, эсвэл таг нь цуурч хагарсан харагддаг л даа. Тэгэхээр гялгар уутаар хийсэн таг хэр бат бөх байж чадах вэ? Мөн үнийн хувьд хэдэн төгрөгөөр борлуулагдаж байна?
-Траншeйны таг, хүзүүтэйгээ 65 мянган төгрөгөөр зарагддаг. Эдэлгээний хувьд ч чанартай, бат бөх. Гэвч аливаа зүйл өөрөө тодорхой стандарттай байдаг шүү дээ. Стандартаас хэтэрсэн хүчээр үйлчилвэл эвдрэх тохиолдол гаралгүй л яахав.
Гялгар уутыг дахин боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болж гаргахад хичнээн шат дамжлагыг дамждаг вэ? Яг ямар процесс явагддаг вэ?
-Эхлээд манайх хоёрдох түүхий эд боловсруулах цэгээс түүхий эдээ авна. Мөн үйлдвэрүүдийн хог хаягдлыг ачиж, складандаа буулгана. Үүний дараагаар түүхий эд болох гялгар уут, хуванцар саваа цэвэрлэж авна. Дараа нь хайлах машинд хийж хайлуулан шахна. Шахсан хайлмагаа хэвэнд цутгана. Үүний дараа хэвтэй цутгамалаа усанд хийж хөргөнө. Ингээд л хэвээ задалж дотроос нь бүтээгдэхүүнээ гарган авснаар эцсийн бүтээгдэхүүн болж гардаг байгаа. Нэг ёсондоо 10 гаруй шат дамжлагыг дамжиж байж шинэ бүтээгдэхүүн маань гардаг.
Анх байгуулагдсанаас өдгөө хүртэл ойролцоогоор хэчнээн тонн хаягдлаар бүтээгдэхүүн хийв? Нэг бүтээгдэхүүнд дунджаар хичнээн килограмм хаягдал уут ордог вэ?
-Манайх жилд 300-350 тонн гялгар уут болон зөөлөн хуванцар саваар бүтээгдэхүүн хийж байгаа. Ойролцоогоор 4500 орчим тонн хаягдлаар бүтээгдэхүүн хийсэн юм уу даа. Траншeйны таганд бол 30кг гялгар уут орж байна. Сандал хийхэд 50 кг орчим гялгар уутыг ашигладаг.
Сандал гэхээр яг ямар сандал гэсэн үг вэ?
-Байрны гадаах талбай болон нийтийн үйлчилгээний газруудад байрлуусан төмөр хөлтэй, модон сандлуудыг манайх хийдэг.
Хамгийн сүүлд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэв?
-Сүүлд гэх юм бол манайх Мобикомын кабeлийн шугамны тэмдэглэгээний шон болон “Коко Кола” компанид гялгар уутаар нь хавтан хийж өгсөн байгаа.
Таны хийж буй ажлыг тэр бүр хүмүүс сонирхдоггүй, магад хийж зориглодоггүй болов уу. Энэ ажлын юу нь танд таалагддаг юм бэ?
-Би байгаль орчноо цэвэрлэж, хоггүй болгохын төлөө ажиллаж байгаа болохоор баяртай байдаг. Энэ ажлаараа ч бахархдаг. Мөн хотоо ногоон хот болгохын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Нэг төрлийн байгальд ээлтэй буянтай ажил гэж бодож явдаг юм.
Тэгэхээр энэ таны мөрөөдөл, зорилго болсон ажил тань гэж ойлгож болох нь. Цаашид та юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Манайх ирээдүйд “Эко парк” гэсэн хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн нэгдэл байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор дэд бүтэц нь байхгүй болохоор өөрсдөө шийдээд хөрөнгө оруулалт олж чадахгүй л явна. ЖДҮ-ээс зээл хүссэн ч банкны шаардлага хангах хэмжээний үйлдвэргүй гэсэн шалтгааны улмаас бүтэхгүй байгаа.
Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд тань сайн сайхныг хүсье.
-Баярлалаа
Бидний хаяж буй хог хаягдал байгальд 100-500 орчим жил болж байж бүрэн устдаг гэдэг. Түүнчлэн гялгар уут, хуванцар хог хаягдал шатсан тохиолдолд автомашины дугуй шатах хэмжээний хорт бодисыг агаарт цацдаг гэх судалгаа бий. Харин энэхүү хор нөлөөг багасгаж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад Г.Олонбаярын оруулсан хувь нэмэр их ажээ. Гэвч ЖДҮ-ийн зээл “жинхэнэ” эзэндээ хүрдэггүйн баталгааг тэр мөн л мэдэрч явна.
М.Сувд