Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 850 гаруй сургуульд 644 мянган хүүхэд суралцаж буй. Энэ нь өмнөх жилийнхээс 50 орчим мянгаар нэмэгдсэн тоо юм.
Харин хичээлийн шинэ жил эхлээд сар орчим болж байхад сурагчдын гар дээр сурах бичиг нь очоогүй байгаа юм. Уг асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад, "Ирэх сард сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана. Энэ хичээлийн жилд 100 гаруй төрлийн гурван сая сурах бичиг хэвлэж байгаа" гэв. Сурах бичгийн хэвлэлт хоцорсон талаар тэрбээр, “Өнгөрсөн жил бага ангийн хүүхдийн сурах бичиг болон дунд, ахлах ангийн амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүүхдийн сурах бичгийг төрөөс хангаад, үлдсэн нь өөрсдөө номоо авдаг байсан. Энэ жил сурах бичгийн мөнгө төсөвт байхгүй байсан ч бид хөөцөлдөж байгаад Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт босгоод сурах бичгийг хэвлэж байна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ урт хугацаанд үргэлжилсэн тул сурах бичгийн хэвлэлт оройтсон. Энэ жил бүх хүүхдүүдэд сурах бичиг очно. Өөрөөр хэлбэл, сургуулиудад хүүхдийн тоогоор сурах бичиг өгнө. Сургууль хүүхдэд номоо түрээслүүлнэ. Сурах бичиг худалдаалах шаардлагагүй болсон” гэсэн юм.