Нийтийн тээврийн 36 чиглэлд 60 автобус нэмж үйлчилгээнд гаргана

Нийслэл Улаанбаатар хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн өмчтэй хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үйлчилж байгаа ажээ. Эдгээр аж ахуйн нэгж үндсэн 76, хот орчмын 14, шөнийн тээврийн нэг чиглэлд үйлчилж байгаа бол бага багтаамжийн автобусны дөрвөн чиглэл бий аж . Нийслэлийн хэмжээндд нийт 95 чиглэлд 800 их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутамд 500-600 мянган иргэдэд үйлчилдэг байна.

Аравдугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх ажээ. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж, цагийн хуваарийг динамик байдлаар буюу өглөө, оройн ачаалалтай цагуудад ажиллах автобусны гаралтын тоог нэмэгдүүлэн 940 автобусыг үйлчилгээнд ажиллуулснаар хүлээгдлийн хугацааг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн Ч:52 буюу ”3,4-р хороолол-Зайсан” чиглэлийг иргэдийн зорчих эрэлтэд нийцүүлэн Зайсан толгойг тойрч явахаар төлөвлөн аравдугаар сарын 1-ний өдрөөс есөн автобус 8 минут тутамд үйлчлэхээр болжээ. Шинээр явах замын дагуу автобусны хоёр зогсоол нэмж байгуулах юм байна.