Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төв, Лавай автобуудалд илгээмжийн ачааны хэсэг байгуулан зорчигчийн тээш хадгалах үйлчилгээг нэвтрүүлжээ. Ингэснээр дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан бүртгэлжүүлж, бүртгэлийн програмыг ашиглан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах ажлыг зохион байгуулж байна. Өмнө нь иргэдийн ачаа тээшийг дайвар нэрээр орон нутгийн болон, Улаанбаатар хотын зорчигч тээврийн төвүүдийн гаднаас, түүнчлэн худалдааны төв, зах зэрэг газруудаас хувиараа тээвэр эрхлэгчид хүлээн авч тээвэрлэдэг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан даатгалтай, баталгаатай тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлж байгаа аж. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” ХК ийнхүү хамтран ажиллаж байна.
Зорчигчид тасалбараараа 15 кг-аас илүүгүй жинтэй гар тээш, 20 кг-аас хэтрэхгүй тээшийг автобусаар үнэ төлбөргүй авч явдаг.
Харин тус тээшний үйлчилгээгээр бүрэн бүтэн бус сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзах бөгөөд бусад тээшинд гэм хор учруулах, бохирдуулах, эвгүй үнэртэй ачаа, галт зэвсэг, галын аюултай, түргэн ба өөрөө шатах, тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхт, идэмхий болон хордуулах бодис зэрэг хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон зүйлс, тэжээвэр амьтанг тээвэрлэхээр хүлээж авахыг хориглох юм байна.