Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, нэг цэгээр үйлчлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш буюу есдүгээр сарын 21-ны бямба гаригт нийслэлд Д.Сүхбаатарын талбайд, 21 аймгийн төвд 10:00-16:00 цагт нэгэн зэрэг болно.
Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, арилжааны банкууд, томоохон ажил олгогчдын төлөөлөл оролцоно.
Өдөрлөгийн үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг танилцуулж, салбарын хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг сурталчилж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бэлтгэж буй мэргэжлүүд, сул ажлын байрны тухай мэдээллийг өгөхөөс гадна хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар иргэд хүссэн мэдээллээ авах боломжтой юм.
Түүнчлэн энэ өдөр ажлын байранд зуучлах, ажил хайгчдыг бүртгэх үйл ажиллагаа явуулж, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар зөвлөгөө өгөх, материал хүлээж авах, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгнө. Мөн нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулах, шимтгэл төлөлтийн лавлагаа өгөх, сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх шаардлага байгаа бол маргааш болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т очоорой.
Гэр бүл, эцэг эх, хүүхэд, залуучуудад сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө хэрэгтэй бол, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картаа аваагүй бол, “Насны хишиг”, одонтой ээжүүд, жирэмсэн эхчүүдийн өргөдөл өгөх шаардлагатай байгаа бол холбогдох албаныхан энэ өдөр нэг цэгт үйлчилгээ үзүүлэх тул энэ боломжийг ашиглаарай гэж зөвлөх байна. Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг шалгахаас гадна хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгнө. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ямар нэг асуудал байгаа бол мэргэжлийнхэнд хандах боломжийг ч бүрдүүлсэн байх аж.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т ирсэн хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэргээн засах үзлэг хийлгэж, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоох журам, өвчний жагсаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Гар утсандаа “Нийгмийн даатгал аппликейшн суулгуулж, Олон улсын “Найрамдал” төвд амрах эрхийн бичиг олгох бүртгэлээс гадна нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг банкаар дамжуулан авч буй иргэдэд хэрэгтэй мэдээллийг өгөх, банкны үйлчилгээ. гадна зэрэг олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.