Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг 2019 оны 09 дүгээр сарын 19-28-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллана. ХЭҮК-ын Ажлын хэсэг орон нутаг дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн явцыг шалгахын зэрэгцээ төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтнуудад "Жендэр ба Хүний эрх" сургалтыг зохион байгуулж байна.
Хүний эрхийн хяналт шалгалт нь тухайн аймаг дахь Засаг даргын тамгын газар болон холбогдох төрийн байгууллагаас хуулийг хэрэгжүүлж буй нөхцөл байдлыг тодруулах, төрийн алба, үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаанд жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцуулах зэрэг зорилготой юм.
Шалгалтыг 2019 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Хэнтий аймгийн төвд явуулж байгаа бөгөөд удирдамжийн дагуу төрийн алба болон хөдөлмөрийн харилцаанд жендэрийн тэгш байдлын баталгааг хангаж буй байдал, ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамтыг үл тэвчих орчинг бүрдүүлэх талаарх хуульд заасан үүргийн биелэлт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзаж явуулж байна.
Аймаг дахь төрийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хүний эрхийн сургалтыг зохион байгуулж, жендэрийн мэдлэг ойлголт олгох энэхүү цогц ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн "Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх" 3 дахь үр дүнгийн ажлын хүрээнд хариуцан гүйцэтгэж, хамтран ажиллаж байна.