Олборлох салбарын сургалтын цахим порталыг албан ёсоор хүлээн авлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төслийн хүрээнд “Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг албан ёсоор хүлээн авлаа.

Тус порталд олборлох салбарын засаглал, эрх зүйн зохицуулалт, байгаль орчны менежмент, уурхайн хаалт, уул уурхайн кадастр, тус салбар дахь уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн чиглэлээр цахим санг бүрдүүлсэн.

Мөн стратегийн орлогын менежменттэй холбоотой дотоодын болон олон улсын бодлого, зохицуулалт, сайн туршлага зэрэг 100 гаруй судалгаа, тайлан, сургалтын материал зэргийг агуулсан сургалтын цахим санг бий болгоод байна. Цаашид ч салбарын хүрээнд бий болсон геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн чиглэлийн сургалт, судалгаа, бодлогын баримт бичгүүдээс гадна олборлох салбар дахь олон нийтийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, материалыг мөн давхар агуулж баяжуулах юм.

УУХҮЯ-аас салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамтран олборлох салбарын олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, цар хүрээг тэлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийтийн хэрэгцээнд ашиглаж болно. Мөн сургалт, судалгааны материалыг энэхүү порталд нэмж оруулах зэргээр салбарын үйл ажиллагааг дэмжиж, оюутан, судлаач, мэргэжилтнүүдийг хөгжүүлэх боломжийг хамтран бий болгохыг уриалж байна.

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг албан ёсоор энэ оны аравдугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж.