Улаанбаатарчуудын “толгойны өвчин” эхэллээ. Удахгүй бид утаандаа угаартаж, цэнхэр манан мэт бүрхсэн хар утаанд тэмцэж бус тэмтчин алхана. Жил бүрийн өвөл л гэнэт ухаан орсон мэт энэ сэдвээр сэвж эхэлцгээдэг. Гэтэл энэ нь зөвхөн өвөл яриад өнгөрөх ёстой асуудал биш. Цаг тутам шийдэл хайж, гаргасан шийдвэр нь үр өгөөжөө өгч, утаа багасч, өвлийн улиралд ч цээж дүүрэн амьсгалж байх тухай юм.
Харамсалтай нь жил бүр арга хэмжээ авч байна хэмээж утаагүй түлш, утаагүй зуух зэргийг хямд үнээр гэр хорооллын өрхүүдэд нийлүүлсээр байгаа ч бодит үр дүн гараагүй л байна. Тэгвэл энэ жилийн шийдэл юу вэ. Гурав хоногийн өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас (2019.09.14-15) Cүхбаатарын талбайд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг уламжлал ёсоор зохион байгуулав.
Өдөрлөгийн нээлтийн үеэр Нийслэлийн засаг зарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Цэвэр агаартай хотыг бүтээхэд иргэн бүрийн үүрэг маш чухал. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд дор бүрнээ утааг бууруулахад өөрсдийн хийж чадах бүхнээ хийж, төр засагтайгаа хамтарч ажиллавал бодитой үр дүнд хүрнэ” гэж хэлэв. Мөн тэрбээр утаагүй болох хамгийн үр дүнтэй арга бол гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах бөгөөд энэ хүрээнд иргэдийг түрээсийн болон амины орон сууцанд хамруулж буйгаа ч дуулгалаа. Мэдээж, энэ бол дэлхий нийтийн жишиг. Үүнээс өөр төгс шийдэл үгүй. Гэвч дээд шатны авлигалаас үүдсэн төсөв хөрөнгийн дутагдал, намчирхал, улс төрийн талцлын улмаас ажил тасалддаг төрийн бодлогын залгамжгүй байдал, бодлого төлөвлөсөн ч зорилтот бүлэгтээ хүрдэггүй, мөн орон сууцны хүртээмжгүй байдал зэрэг нь энэхүү ажлыг наадмын нээлтэд олны өмнө үзүүлсэн яст мэлхийн хурд шигээ болгож орхисон.
Угтаа нийслэл хотод орон сууцны илүүдэл, эзэнгүйдэл үүссэн. Гэхдээ энэ нь хувийн хэвшлийнх. Хэрэвзээ төр үнэхээр асуудлыг шийдэхээр ханцуй шамлавал хувийн хэвшилд байгаа эзнээ хүлээсэн орон сууцнуудыг төрд худалдан авч, иргэдэд эргүүлэн зээлдүүлэх замаар олгож болмоор. Энэ асуудлыг учир мэдэх хүмүүс ч хэлдэг, санал болгодог. Хаанаа амбицлаад ажил эхэлдэггүйг нь харин бид таашгүй. Угаас холын сэдэв байж мэдэх тул орон сууцаа түр орхиод, утаагүй түлш, утаагүй зуухаа л яръя.
Дээрх өдөрлөгийн хүрээнд 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд утааг бууруулах зорилго бүхий эко халаалт, утаагүй зуух, дулаалгын хөөс, шахмал түлш гэх мэт олон бүтээгдэхүүнийг танилцуулж, иргэдэд мэдээлэл өгч байв. Нэгэнт дорвитой арга хэмжээ чаддаггүй, чадал дутан жил бүр л түр аргацаасан, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн ажил явуулдаг төрийн бодлого тодорхойлогчдыг бид сонгосон учраас тараасан зуух, нүүрсийг нь худалдан авч, хоногийн бор хоолоо “буцалгахаас” өөр арга үгүй.
Тэглээ ч Засгийн газрын 62 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон байдаг. Гэвч амьдралын боломж тааруу өрхүүд амь зуухын тулд түүхий нүүрс битгий хэл хог хаягдал ч түлдэг гэдэг. Үнэндээ энэ бол 21 дүгээр зуунд тун эмгэнэлтэй үзэгдэл шүү дээ. Энэ эмгэнэл нь ч айдас хүйдэс болж хувирсан. ДЭМБ-ын судалгаагаар жил бүр агаарын бохирдлын улмаас 7 сая хүн нас бардаг гэсэн аймшигтай үзүүлэлт гарсан. Түүнчлэн олон сая иргэд зүрхний шигдээс, уушигны багтраа зэргээр өвчилж, жирэмсэн 10 эмэгтэй тутмын 6 нь ургийн гажигтай хүүхэд төрүүлэхээс гадна зулбах, амьгүй ураг төрүүлж байгаа гэхчлэн тун харамсалтай мэдээ бий.
М.Сувд