Хөгжлийн хөл тушсан хөх тэнгэрийн хүлгийн үнэ

Мориор ч болтугай Монголоос гарчихвал цаашаа нислэгүүд хямд байх ёоом ... гэж фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч хошигносон нь хачиргүй үнэн егөөдөл билээ. Хэтрүүлж хэлдэг хүнд морьгүй нь бараг эртхэн гараад алхаж баймаар өндөр үнэтэй шүү.

Монголын агаарын тээврийн компаниудын нислэгийн үнэ хэтэрхий тэнгэрт тулчихаад байгаа юм. Тулсан үнэ төлж ирээд тултал үйлчилгээ авдаг бол шал өөр. Гэвч начир дээрээ тийм биш. Энэ үгийг би биш олон жуулчид хэлдэг дээ. Онгоцны тийзийн үнэ аялал жуулчлалын салбарын хөгжлийг утгаар нь богтолж байгаа гэж. МИАТ бүр монопольдчихсон. Гадаадын жуулчдыг “Монголд зочлоорой, Монгол орон үнэхээр үзэсгэлэнтэй шүү” хэмээн урихад “Нислэгийн үнэ өндөр шүү дээ. Танай улс руу явах мөнгөөр Азийн бүхэл бүтэн таван орноор аялна” гэж ихэнх нь хариулдаг. Тэр үед нь хэлэх үг үнэхээр олддоггүй юм. Юу ч гэмээр юм...

Гаднын компанид дамлан төлж буй энэ мөнгө МИАТ-д, Монголдоо үлддэг бол хэнд ашигтай байх вэ?.

Угтаа Монгол улс Азийн бусад орнуудтай харьцуулбал түүх соёл, зан заншил, байгалийн зүй тогтцоороо хол илүү. Харьцуулахаар ч биш, үнэндээ. Гэтэл аялал жуулчлалын салбарын хөгжлөөрөө сүүл мушгина. Хөгжүүлчхээд том үнэ хэлбэл додигор биз дээ. МИАТ-д нислэгийн үнэ өндөр байлаа гээд үнэн хэрэгтээ ашиггүй. Яагаад гэж үү. Монгол руу зорих жуулчид ихэнх нь Бээжинг, Казахстан, Эрхүүгээс олон улсын галт тэргээр дамжиж байна. Мөн гадагшаа сурах, ажиллахаар явж буй Монголчууд Улан-Үдэ, Эрээн, Бээжин, Казахстан зэрэг улсаас өөр улсын нислэгийн компани сонгоод дараагийн улс руу хямд үнээр дамжин нисч байна. Ингэж гаднын компанид дамлан төлж буй энэ мөнгө МИАТ-д, Монголдоо үлддэг бол хэнд ашигтай байх вэ?. Бодох л асуудал. Монголд жилдээ нэг сая ч хүрэхгүй жуулчин ирдэг гэх судалгаа бий. 2019 оны эхний гурван сарын статистик мэдээллээс үзэхэд, 75190 жуулчин Монголд иржээ. Гэхдээ эдгээр нь бүгд жуулчин биш. Албан, хувийн, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн олон шалтгаантай. Яг жуулчлахаар ирсэн нь 4,695 буюу ердөө 6.66 хувь нь.

Гэтэл яг энэ үед 200,622 монгол иргэд гадаадад зорчжээ.  Энэ бол Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан оны эхний гурван сарын судалгаа бөгөөд гадагшаа, дотогшоо чиглэсэн гуравхан сарын хөдөлгөөнийг харьцуулж харахад л ийм байна.

Бас нэг зүйл гэвэл, Монголоос гарсан иргэдийн ихэнх нь Бээжин болон бусад ойролцоох улс хүртэл олон улсын вагон, автобус, хувийн унаа, таксигаар хил гарч, цааш дамжин ниссэн гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. “Хүннү Эйр”, “Эзинес” зэрэг Монголын агаарын тээврийн компаниуд байгаа хэдий ч хил орчмын цөөн хэдэн улс руу л маш бага маршрутаар нислэг үйлдэж буй. Тиймдээ ч МИАТ оодгор байна. Гэлээ гээд тэд мөнгөө гадагшаа алдахын зэрэгцээ Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд чөдөр тушаа болж байгааг статистик мэдээлэл, хилийн чанад дахь монгол иргэдийн бодит хандлага харуулж байгаа ба тэр ч битгий хэл энэ салбарыг ажиглаж, судалгаа хийж буй мэргэжлийн хүмүүс, Элчин сайд, дипломатууд ч хэлж байна.

-Т.Шимизү: Ирэх жуулчдын тоо буурч байгаа нь НИСЛЭГИЙН ҮНЭ ӨНДӨРТЭЙ холбоотой

Япон улсын Элчин сайд асан Такэнори Шимизүг Монголд элэгтэй нэгэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Тэрээр ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа ч Монголчуудтай хамтран ажиллаж, Японы “Чүү-Оо” их сургуулийн оюутнуудын хамт “Монголын эдийн засгийн хөгжил: Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд судалгааны ажлаа эхлүүлээд байгаа юм.

Такэнори Шимизү өнгөрсөн оны есдүгээр сард Японы судлаач оюутнуудын хамт Монголд ирэхдээ МИАТ, аялал жуулчлалын компанийнхан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Статистикийн үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газрын холбогдох хүмүүстэй уулзаж тоон мэдээ цуглуулсан тухайгаа gogo.mn сайтын сэтгүүлчид ярилцлага өгөх үеэрээ дурдсан байв.

Тэрээр ярилцлагадаа “Японоос Монгол руу ирсэн хүний тоо буурчээ. Маш харамсалтай байна. Ийм сайхан, үзэж харах зүйл ихтэй оронд Японоос ирж буй жуулчдын тоо багассан нь байж боломгүй. 2015 онд Японоос Монгол руу ирсэн хүний тоог Монголоос Япон руу очих хүний тоо давсан. Гурван сая хүнтэй орноос очих хүний тооноос 130 сая хүнтэй орноос ирэх хүний тоо бага болсон байна шүү дээ. Аялал жуулчлалыг эдийн засгийн үр өгөөж өндөртэй хэмээн анхаарал хандуулж, төрөөс дэмжлэг үзүүлэхгүй бол болохгүй. Тухайлбал, Сингапур улс Японд аялал жуулчлалын төв байгуулаад мэдээлэл, сурталчилгаагаа тогтмол тарааж байна. Гэтэл Монголоос тийм үйл ажиллагаа хийдэггүй. Монголд өнөөдөр улсаа гадаадад сурталчлах чиг үүрэгтэй аялал жуулчлал хариуцсан агентлаг гэж алга. Эдийн засгийн үр өгөөжөөс нь харвал ийм агентлаг байгуулах нь Монголд ашигтай гэж би боддог. Энэ талаар Монголын Гадаад хэргийн яаманд саналаа тавьсан. Жилд 800 мянган япон Сингапурын зорьж, нэг хүн дунджаар 2400 америк долларыг аялалдаа зарцуулж байна. Нийт дүнг тооцоолоод үзвэл хичнээн их мөнгө аялал жуулчлалд зарцуулж байгаа нь харагдаж байгаа биз. Сүүлийн үед Вьетнам аялал жуулчлалын салбарт хүчтэй сурталчилгаа явуулж, тэр хэмжээгээрээ Вьетнамыг зорьж буй Япон хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл Монголыг зорьж байгаа Япончуудын тоо 20 мянга хэвээрээ байна. Дээрх тоог нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа бид “энэ жил багассан” гэдгийг сонсоод үнэхээр гайхаж, бас харамсаж сууна” гэжээ.

Монголд Элчин сууж байсан төдийгүй олон улсын судлаач хүний нүдээр Монгол ийм байна. Тэгвэл бидний төдийгүй дэлхийг дэлдийгээд байгаа Азийн бар Сингапурчууд аялал жуулчлалыг яаж хөгжүүлээд байна вэ?.

Тус улсын жишээг статистик судалгаа түшин өгүүлье. Энд зөвхөн аялал жуулчлалаар хэрхэн мөнгө босгосныг өгүүлэх тул Сингапур руу аялахыг хүсч буй хүмүүс хэрхэн аялж, юу үзэж болох тухайгаа гүүглэдэж олохыг зөвлөж байна. Тус улсын аяллын маршрут хийгээд онлайнаар нислэг, буудал зэргээ захиалахад технологи өндөр хөгжсөн улс учраас мэдээлэл баялаг, сонголт арвин билээ.

Сингапурын аялал жуулчлал ба Монгол юунаас хоцров ...

Сингапур бол Зүүн өмнөд Азид орших 63 арлаас бүрдсэн, дэлхийд үлдсэн цөөн хот улсын нэг боловч хөгжлөөрөө түүчээлэгч Азийн дөрвөн бар орны нэг юм. Сингапур нь 707.1 км.кв газар нутагтай, 4.59 сая орчим хүн амтай бөгөөд маш шигүү суурьшсан байдаг.  Энэхүү жижигхэн газар нутагт сүндэрлэн босч, хөгжин цэцэглэсэн тус улсын гайхамшгийг үзэхээр жил бүр хэдэн арван сая жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг.  Ойролцоогоор жилд Сингапурыг 12 сая гаруй жуулчид зорьдог байна. Энэ тоо жил ирэх тусам өсч байгаа төдийгүй аялал жуулчлалаараа 40 орчим тэрбум төгрөг олж, ДНБ-ийхээ 10 гаруй хувийг хангадаг ажээ. Цаашлаад энэ үзүүлэлтийг 2025 он гэхэд 55.8 тэрбум синга доллар болгон өсгөж, улсын нийт хөрөнгө оруулалтын 21,6 хувийг эзлэх тооцоог гаргаад байгаа юм байна. Төрийн бодлого гэж энэ ажээ.

Сингапурт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй аяллын агент-компаниуд бүртгэлтэй бөгөөд эдгээр агентууд инбаунд болон аутбаунд аялал жуулчлалын өрсөлдөөнийг идэвхжүүлж, чанартай аяллуудыг борлуулдгаараа алдартай. Бүгд англи, хятад хэл дээр мэдээллээ байршуулж, интернетийн суваг, сонин хэвлэлээр аялал жуулчлалын мэдээллээ сурталчилж, дэлхий дахинд маркетинг хийдэг. Түүнчлэн Сингапурын аялал жуулчлалын байгууллагуудын үйлчилгээний соёл, чанар, тус улсын дэд бүтэц, эрүүл мэнд, ариун цэвэр, олон улсад нээлттэй байдал, агаарын тээвэр, газар ба далайн тээврийн гарц, байгаль, соёлын нөөц болон бизнес аяллын нөөц зэрэг нь дэлхийн аяллын жишиг болсоор ирсэн.

Сингапур нь дэлхийн 240 орчим хотуудтай холбосон 100 гаруй нислэгүүдтэй тул олон улсын аяллын тээврийн маш өргөн бололцоотой юм.  Мөн тус улс нь заавал аялах ёстой орны тоонд дэлхийд дээгүүр (141 орноос 11-д) эрэмбэлэгддэг төдийгүй дэлхийн томоохон үзэсгэлэн, яармагийн арга хэмжээний Азийн төв хотуудын нэг болжээ.  Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Сингапур нь Ази, Номхон далайн бүс нутагт Австрали, Хонг Конгийн дараа гуравт орж байна.

Аялал жуулчлалын салбарыг орлогын төрлөөр нь хувьчилж үзвэл, 51 хувь нь амралт, чөлөөт цагийн зорилгоор бол 49 хувь бизнес аялал жуулчлалын хүрээнд Сингапурыг зорьдог аж. Сингапурт дан ганц гадаадын аялал жуулчлал хөгжчихсөн гэвэл өрөөсгөл. Тус улсын иргэд гадагшаа төдийгүй дотооддоо ч аялах дуртай, аялаад сурчихсан хүмүүс гэж хэлж болно. Тухайлбал, гадаадын аялал жуулчлал 69.3 хувь байхад дотоодын аялал жуулчлал нь 30.7 хувь. Энэ бол бага үзүүлэлт биш юм.

-Сингапурын иргэд 14 хоног хүртэлх хугацаагаар визгүй зорчих эрхтэй-

Жуулчдыг татах хийгээд аялал жуулчлалын хөгжилд жин дардаг чухал бодлогуудын нэгд визний хөнгөлөлт, журам яах аргагүй багтана. Жишээлбэл, Сингапурын иргэд дэлхийн 170 гаруй улс орнуудад визгүй буюу газар дээр нь виз авах боломжтой нөхцөлөөр зорчдог бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ Сингапурын паспорт дэлхийд 5-д эрэмбэлэгддэг аж. Тэрчлэн Сингапурын иргэд Монгол улсад 1990 оноос хойш 14 хоногийн хугацаагаар визгүй зорчих нөхцөлтэй болсон нь мөн л аялах дуртай улсыг нааш нь татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөл юм. Гэвч нислэгийн үнэ өндөр учраас тэд Монгол гэхээс илүүтэй Азийн бусад орнууд, Европ руу ихэвчлэн аялж байна.

Сингапурын Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээс үзэхэд, жилд Сингапурын 8 сая гаруй аялагчид дэлхийгээр аялдаг ба гадаад аяллаар Азийн топ 10 орны 8-д багтдаг аж. Тэд гадаадын аялалд 8 тэрбум орчим ам.доллар зарцуулдаг байна.  Жуулчдынх нь 56 хувь нь Зүүн өмнөд Азийн хөрш зэргэлдээ Малайз, Тайланд, Индонез зэрэг улсад, 30 хувь нь Гонг Конг, БНХАУ, Австралид, харин үлдсэн 14 хувь нь АНУ зэрэг дэлхийн бусад улсуудад ихэвчлэн аялах дуртай гэнэ. Тэрчлэн (Сингапурын жуулчдын гол зорих дуртай газрууд) Малайз, Тайланд, Индонез зэрэг улс руу аялах дуртай аж. Үүний дараа Хонг Конг, БНХАУ, АНУ, ИБУИНВУ ордог байна. Гэхдээ тэдний ихэнх нь Япон, Өмнөд Солонгос, Австрали, Тайвань, Хонг Конг зэрэг өндөр хөгжилтэй орнуудад аялж, жуулчлах нийтлэг хүсэл, эрмэлзэлтэй байдаг гэх. Угтаа эдгээр орны соёл, иргэншил, байгалийн тогтоц хоорондоо нэг их хол зөрүүтэй биш. Харин Монгол бол өөр шүү. Нүүдлийн соёл иргэншилтэй, өвөрмөц зан заншил, соёл иргэншилтэй, дангааршсан улс билээ. Гэвч дэлхийн ТОП аялагчид, Азийн аяллын акулууд, аялалд мөнгө зарж чаддаг жуулчид нь Монголыг нэг их сонирхохгүй байна. Тэднийг сонирхдог болгоё гэвэл МИАТ-тайгаа тулж ажиллах, агаарын тээврийн компаниудын нислэгийн тоог нэмэх улмаар тийзийн үнийг уян хатан болгох цаашлаад үйлчилгээний газруудын чанарыг сайжруулах гэхчлэн шил дараалсан хэншүү үнэртсэн бодлогууд хэрэгтэй байна даа, сайд, дарга нар минь. Юм бодож явдаг байгаа...

Дахин баримттай өгүүлэхэд, Бүгд найрамдах Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Т.Шимизү болон түүний багийн “Монголын эдийн засгийн хөгжил: Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт судалгааны үр дүнд жуулчдын тоонд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдээс хамгийн гол шалтгааныг бидний дээр дурдсанчлан “НИСЛЭГИЙН ҮНЭ” гэдэг нь нотлогджээ.

Тухайлбал, Япон Монголын хооронд шууд нислэг үйлддэг компани нь зөвхөн МИАТ бөгөөд нислэгийн нэг миль нь 21-34 иен аж. Гэтэл Сингапур эйрлайны нэг милийн тариф 4-13 иен, Вьетнам эйрлайных 11-15 иен. Эндээс МИАТ-ийн тийзийн үнэ хэт өндөр байгааг харж болно. Мөн нислэгийн тоо бага байгаа нь жуулчны тоо багасах бас нэг шалтгаан болж буй. Нислэгийн тоо их агаад олон тооны өрсөлдөгч агаарын тээврийн компанитай бол үнэ мэдээж хямдарна. БНСУ-ын нислэг мөн л өндөр үнэтэй гэж шүүмжлэл ихэд дагуулдаг байсан. Энэ оны нэгдүгээр сард БНСУ болон Монголын агаарын тээврийн асуудал хариуцсан албаны хүмүүс хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд Инчон-Улаанбаатар хотын чиглэл дэхь нисэх онгоцны тоог нэмэгдүүлж, Улаанбаатар-Пусаны чиглэлд хямд нислэг үйлдэх бусад агаарын тээврийн компаниудад эрх олгосноор МИАТ, “Кореан-Эйр”-ийн хуйвалдаан бүхий 30 жилийн монопольчлол дуусгавар болсон түүхтэй.  Яг үүн шиг дорвитой зохицуулалт энэ салбарт ус агаар шиг л үгүйлэгдэж байна.

Ингээд үглээд, дуулбал дурдахгүй өнгөрөх асуудал тун ховор тул энд хүрээд төгсгөе.

"Four seasons" сэтгүүл, 63 дахь дугаар

П.Мөнхжаргал