Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг баталж, Засгийн газрын тогтоол гаргав. Хэлэлцээр байгуулснаар олон улсын терроризмын талаар мэдээлэл солилцох, террорист ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах зэрэг олон талын боломжтой болох юм.
Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалын нийт дөрвөн байрны 91 айлын орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтаас хасав. Тус байранд оршин суугчид нь одоо ажилалж байгаа болон чөлөөнд гарсан цэргийн албан хаагчид байна. Оршин суугчид нь “Байр эзэмшигчдын түр хороо”-г байгуулж үе үеийн засгийн газарт оршин сууж буй орон сууцаа хувьчилж, өмчлөн авах хүсэлтийг удаа дараа гаргасаар ирснийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэв.
Энэ сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг зохион байгуулна. Тус хуралд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгав
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол батлав. Ойг тэмдэглэх хүрээнд жилийн турш 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгохын тулд цогц шийдэл, шинэчлэлт хийхээр дэд бүтцийн төсөл боловсруулснаа НЗДТГ-аас танилцуулав. Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын бүтцийг үндсээр нь өөрчилж, шинэчлэн төлөвлөх, цахилгаан соронзон тээвэр нэвтрүүлэх, хүн ам сийрэг бүсүүдэд дүүжин замын тээвэр хийх, тусгай замын автобус явуулах, үйлчилгээний төлбөр төлөлтийн системийг боловсронгуй болгох аргачлалыг боловсруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.