Бизнесмен имиджийг хэрхэн бүрдүүлэх вэ?

“Four seasons” сэтгүүл бизнесмен, ажил хэрэгч болоод эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн чухал, үр ашигтай зөвлөгөөг “Guide” буландаа нийтлэх болно.

“Guide” энэ удаагийн дугаарт бизнесмен эрчүүд имиджээ хэрхэн зөв, зохистой бүрдүүлэх талаар зөвлөнө.  

Ажил хэрэг хийгээд бизнест хувцаслалт, имидж бүрдүүлэлт хамгийн чухал. Хэрхэн юу өмсөж, олны дунд яаж биеэ авч явах зэрэг нь орчин үеийн бизнес эрхлэгчдийн амжилт, харилцагчийн итгэл үнэмшилд онцгой ач холбогдолтой зүйл юм. Тэрчлэн 40-өөс дээш насны удирдах албан тушаалтай бизнесмен хүний хувьд ажилчдадаа үлгэр дууриал болохуйц хувцаслах ёстой. Энэ бол ажил хэргийн энгийн дүрэм билээ. Ингээд дэлхийн шилдгүүдийн туршлагаас хуваалцъя.

Бизнесмен эрэгтэйд байх ёстой 5 чухал хувцас

Бизнесийн хэв маягийг илэрхийлэхэд шаардлагатай хувцас гэж бий. Үндсэн эрэгтэй хувцаслалт нь костюм, цамц, зангиа, гутал гэсэн хэд хэдэн чухал элементээс бүрддэг.

1.    Костюм

Бизнесмен эрэгтэйд заавал байх ёстой хамгийн чухал хувцас бол костюм юм. Сайн чанарын, нэртэй брэндийн буюу манайхны хэлдгээр “цайны ганц” костюм байхад гэмгүй. Гэхдээ мэдээж, урт хугацаанд бизнесийн салбарт ажиллаж байгаа хэн нэгний хувьд ганцхан костюмаар нүүр тахална гэж үгүй. Үдэшлэг, хурал, уулзалт, албан өрөө зэрэгтээ тохируулан өмсөх сэлгээний гурваас дээш костюм шүүгээндээ байлгах хэрэгтэй. Өнгөний тухайд саарал, хөх, хар хүрэн, шаргал зэргийн костюмууд байвал зохилтой. Зөв тохируулж сонгосон костюм нь биеийн өө сэвийг халхалж, таныг төгс харагдуулна.

2.    Цамц

Шүүгээнд наад зах нь арав орчим цамц байх ёстой. Цамцнуудын өнгө нь костюмын өнгөтэй тохирохуйц байхыг санаарай.

3.    Зангиа

Зангиа бол ажил хэрэгч, бизнесменүүдэд зайлшгүй байх ёстой гоёл. Судалтай, цулгуй эсвэл ташуу зураас, жижиг цоохор толботой зангиаг цамц, костюмтойгоо зохицуулан сонгоорой. Гэхдээ цамцнаасаа арай бараан ялгагдахуйц өнгөтэй байхыг санаарай. Мөн зангианы хэмжээ, хэлбэр нь цамцны зах, загвараас хамаарна.

4.    Гутал

“Гутал муут гурвын ард” гэдэг. Сайн гутал эзнээ сайн газар хүргэдэг ч гэдэг. Ялангуяа эрчүүдийн хувьд гутал хамгийн чухал гоёл. Ямар ч хувцаснаас илүү гуталд мөнгийг харамгүй зарцуулдаг эрчүүд байдаг. Бизнесмен эрэгтэйн хувьд ч маш сайн чанарын гутал бол насны гоёо билээ.

5.    Цүнх

Цүнх бол ажил хэрэгч байдлыг илтгэнэ. Загварлаг арьсан цүнх, үнэтэй брэндийн аль нь ч байсан та чанар болоод нэр төрийг тань илтгэхүйц байх ёстойг анхаараарай. Магадгүй цаг, тэлээ зэрэгтэйгээ хослуулбал илүү донжтой харагдана биз ээ.

Бизнесмэн эрэгтэйд байх ёстой 5 гоёл

Та бизнесмений замналаар амьдарч байгаа нэгэн бол танд зайлшгүй байх таван гоёл юу болохыг сануулъя. Эрчүүдийн гоёл, чимэглэл бол тухайн эрэгтэйн мэдрэмж, үзэл бодол, зан чанарыг илтгэдэг.

  • Цаг
  • Тэлээ
  • Нимгэн алчуур
  • Зангианы хавчаар
  • Хүзүүний ороолт

 

Эх сурвалж: Four seasons melody magazine, №62 дахь дугаар П.Мөнхжаргал