ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалтай холбоотойгоор есдүгээр сарын 2-ны өдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин ажлын цагийн дараа зочин Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана.
Есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно.
Засгийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгоод байгаа билээ.
Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.
Хэсэгчилэн хаагдах замуудын байршил
1. Наадамчдын гудамж - Яармагийн гүүрнээс баруун тийш “Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал хүртэл
2. Энхтайваны өргөн чөлөө - Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш 1-р хорооллын Саппора, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл
3. Чингисийн өргөн чөлөө - Төв шуудангийн урд талын дөрвөн замын уулзвараас Энхтайвны гүүрэн дээгүүр урагш Яармагийн гүүр хүртэл
4. Уулын зам,
5. Амарын гудамж - Сүхбаатарын нэрэмжит талбайгаас зүүн тийш Улсын хэвлэлийн комбинат /Улаанбаатар галерей/-ын урдуур Бага тойруу хүртэл
6. Сүхбаатарын гудамж - Төв музейн зүүн талын замын уулзвараас хойш Их тойруу хүртэл
7. Жуулчны гудамж - Үндэсний түүхийн музейн урд талаас баруун тийш Их тойруу, С.Чоймболын гудамжны огтлолцол хүртэл
8. Залуучуудын гудамж - Токиогийн гудамжнаас зүүн тийш Сансарын тунелээр Их тойруу хүртэл
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ