Бүгд найрамдах Солонгос Улс /БНСУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн үед визтэй холбоотой, хууль бус баримт бүрдүүлэх явдал асар ихээр гарч байгаа учир ард иргэдийг ийм залиланд өртөхгүй байхыг сануулж байна. “Би Солонгосын ЭСЯ-д дипломатч, консул таньдаг гэж хэлж байгаа хүн байвал тэр хүн визний брокер байх аюултай. ЭСЯ-нд танилтай байх таны виз хүндрэлгүй гарна гэсэн үг биш. Виз мэдүүлсэн хүний материал шалгах үйл ажиллагаа журмын дагуу явагддаг гэдгийг ард иргэдэд анхааруулмаар байна. Шинэ журам есдүгээр сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ гэж БНСУ-ын ЭСЯ-ны консул мэдээлэв.
БНСУ-ын ЭСЯ-наас визийн журамд оруулсан өөрчлөлтүүд:
1.Санхүүгийн бодит чадварыг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлнэ.
Энэ хүрээнд 2012 оноос хэрэгжиж эхэлсэн өөрчлөлт нь тухайн виз мэдүүлэгчийн санхүүгийн чадавхыг тодорхойлоход ач холбогдол багатай байна гэж үзээд Өмнөд Солонгос явах иргэд дансандаа таван сая хүртэлх төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлахаар болжээ. Энэ нь Монгол иргэд олон хүндрэл үүсгэж байсан. Харин үүний оронд сүүлийн зургаан сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаа нотлох болгож өөрчилжээ.
2-рт, Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүний ар гэрийнхэн виз мэдүүлэхэд мөн 5 сая төгрөг байршуулдаг байсныг цуцаллаа. Түүний оронд БНСУ-аас шилжүүлэн мөнгөн дүнд харгалзан визийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ тухайн хүний гэрээний хугацаа хэзээ дуусахын харгалзан үзнэ.
3. Хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх магадлал багатай виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах тогтолцоог нэвтрүүлж байна. Магадлал багатай гэдэгт, олон удаа хууль ёсны дагуу хилээр нэвтэрсэн тэмдэглэл, төрийн албан ажлаар томилогдож байгаа төрийн албан хаагчид зэрэг иргэд хамаарна гэв. Энэ ангилалд багтах иргэдийн визний мэдүүлгийг 10 хоногт багтаан шалгахаар болжээ.
4. “Хур” системийг ашиглах тал дээр нэмэлт өөрчлөлт орно. Хур системийг ашигласнаар виз мэдүүлгийн хариуг бид 14 хоногийн дотор авдаг болохоор ярьж байна." гэв.
Дашрамд дурдахад, Тухайн иргэн виз олгохоос татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой байсныг зургаан сар болгон өөрчилсөн байна.