Өнөөдөр 66кг, 52кг-ийн жингийн бөхчүүд барилдана

Токио хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Өчигдөр буюу эхний өдөр манай тамирчдаас МУГТ М.Уранцэцэг 48кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү, эмэгтэйчүүдийн 52кг-ийн жинд ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам, Бишрэлтийн Хорлоодой нар татамид гарч барилдана.

66кг-ийн жинд хамгийн олон буюу 92 бөх өрсөлдөж байгаа бөгөөд 2017 оны Хаагийн гранпригийн аварга, энэ онд Баку, Дюссельдорфын их дуулгад хүрэл медаль хүртээд байгаа Ё.Басхүү эхний тойрогт хийлж, 2-р тойрогт 2015 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, Өмнөд Солонгосын Ан Баултай барилдах шаггүй оноолт сугалжээ. Түүнийг ялвал Гүржийн Баграти Нииниашвилитэй учрах магадлал өндөр байна. Манай тамирчны багтсан “D” хэсгийг 2017, 2018 оны дэлхийн аварга Японы Хифүми Абэ тэргүүлж буй.

Тэгвэл 52кг-ийн жинд манай хоёр жүдоч барилдана. 2019 оны Дюссельдорфын их дуулгын мөнгөн медальт Л.Сосорбарам эхний тойрогт Словений Анжа Станжартай таарсан байна. Түүний багтсан хэсгийг Бельгийн Шарлин Ван Сник тэргүүлж байгаа бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт Наталия Кузиутина мөн багтсан юм.

Энэ жинд хүч үзэх манай өөр нэгэн тамирчин, 2015 оны Улаанбаатарын гранпригийн хүрэл медальт ОУХМ Бишрэлтийн Хорлоодой эхний тойрогт 2019 оны Африкийн аварга Гвиней Биссау улсын бөх Тасиана Сезартай барилдана. Хэсгийн барилдаан 09:00-15:00 хооронд үргэлжлэх бол медалийн төлөөх барилдаанууд орой 18:00 цагт эхэлнэ.