2019 оныг Монгол улсын Засгийн газраас "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас санаачлан аймгийнхаа 59 баг улмаар малчид, иргэдэд хүрч ажиллах "ХӨДӨЛГӨӨНТ БАГ"-ийг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулж байна.

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан төрийн байгууллагын төлөөлөл дарга мэргэжилтнүүд Ханбогд сумын Баян багт ажиллаж малчид иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг хүргэлээ. "Хөдөлгөөнт баг"-ийн нэг цэгийн үйлчилгээнд Баян багийн 50 орчим малчид иргэд хамрагдаж шүд, мал эмнэлэг мал аж ахуйтай холбоотой зөвлөгөө мэдээлэл эм бэлдмэл, улсын бүртгэлийн хэлтсээс үзүүлдэг олон төрлийн үйлчилгээ, хөдөлмөр халамж, хууль эрх зүй, эм хангамж, соёл урлагийн олон үйлчилгээг нэг цэгээс авсан юм. Мөн төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, төсөл хөтөлбөртэй холбоотой цаг үеийн мэдээлэл авч малчид иргэд өөрсдийн санал бодлоо холбогдох удирдлага мэргэжилтнүүдэд танилцуулсан юм.