Өмнөговь аймаг нь Заг бүхий ойн сангийн талбайгаар улсдаа 2-т буюу Говь-Алтай аймгийн дараа ордог. 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1189226 га талбайд тархсан заган ойтой. Тарьмал ойн сангийн талбайн хэмжээгээр улсдаа 1-р байрт ордог. 2007 оноос Монгол–Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төслийг Булган, Даланзадгад сумдад амжилттай хэрэгжүүлж нийт 2000 орчим га талбайд ойн зурвас байгуулсан нь уур амьсгалын хүнд нөхцөлтэй, уул уурхай хөгжиж, цөлжилт ихээр явагдаж буй нутгийн байгаль орчинд том хөрөнгө оруулалт болсон. Ногоон хэрэм төсөл хэрэгжсэн 12 жилийн хугацаанд 800 гаруй түр болон байнгын ажлын байраар орон нутгийн иргэдийг хангасан байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жон Жэ Нам, Ногоон хэрэм төслийн захирал Сон Ин Гён нар Өмнөговь аймагт ажиллаж Ногоон хэрэм төслийн хүрээнд ойжуулсан Даланзадгад сумын нутагт байрлах 100 га ойжуулалтын талбай, 20 га мод үржүүлгийн газар, Булган суманд байрлах 400 га заган ойн зурвас талбайг Өмнөговь аймгийн сум дундын Ойн ангид хүлээлгэн өглөө. Цаашид арчилж хамгаалах, усалж ургуулах ажлыг Сум дундын ойн анги хариуцах юм.