Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн алба хаагчид сургалтад хамрагдлаа

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн алба хаагчдад 2 өдрийн сургалтыг зохион байгуулав. Шинэ хуулиуд түүнтэй холбоотой дүрэм журмыг хэрэгжүүлэх, улсын бүртгэл ба бүртгэлийн хяналт, цахим архивын программаас лавлагаа олгох аргачлал, төрийн албаны тухай хууль, төрийн алба хаагчийн ёс зүй, төрийн байгууллагын стандарт, албан хэрэг хөтлөлт зэрэг чухал сэдвүүдээр улсын бүртгэгч нар мэдлэг ур чадвараа дээшлүүллээ.

Мөн энэ үеэр МУ-ын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан аймгийн 14 сумын улсын бүртгэгч нарыг онлайн программд ажиллуулах нөхцөл байдлын талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж сайжрах юм.