Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хорооноос наадамд тав ба түүнээс давсан 16 бөхөд хийсэн допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийж байна.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга н.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхийн 14 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илрээгүй. Хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн. Бид наймдугаар сарын 8-нд хариуг бөхчүүд рүү албан ёсоор илгээсэн. Сэргээш илэрсэн хоёр бөхийн утас холбогдохгүй байсан тул бид мессэж илгээсэн. 9-ний өдөр бичгээр гэрт нь хүргүүлсэн.
Хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Одоогоор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна. Хэрэв 19-нийг хүртэл хоёр бөх бичгээр хүсэлт гаргахгүй бол бид нэрийг зарлана." гэлээ.