Орон нутгийн замууд дунд хамгийн их хөдөлгөөний ачаалалтай, осол их гарч байгаа нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам болоод байна.
Бид энэ чиглэлийн замын нөхцөл байдлыг сурвалжилсан юм.
Энэ үеэр тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Д.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг аль хэсгүүдээр хэсэгчлэн хаасан бэ. Хаагдсан хэсгүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
-Баруун аймаг руу салдаг хэсгээс 361-ийн гарам, 361-ийн гармаас цааш тэмээтэй хөшөө.
Баянчандманий цаана хар хошуу. Мөн “Урьхан” өнгөрөөд Жаргалантын наана хэсэглэн хаасан. Түүнчлэн, Баруун хараа, Хонгорын аж ахуй, Цайдамын хөндий дээр зам хаагаад байна.
Хаагдсан хэсгүүдэд Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсээс есөн албан хаагч гурван автомашинтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж байна. Хонгор, Баруун хараад Сэлэнгэ аймгийн тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг хяналт шалгалт хийж байгаа.
-Жолооч нар сайжруулсан шороон замаар зорчиход ямар хүндрэлүүд байна вэ?
-Дархан-Улаанбаатарын зам засварыг таван компани гүйцэтгэж байгаа. Эдгээр компани түр буюу сайжруулсан шороон замыг байгуулсан. Хайрга асгасан боловч зарим хэсэгтээ намаг, шавар ихтэй газруудад машин суух, хөрвөөж унах тохиолдол бороо ихтэй үед олон гарсан.
Ер нь ослын бүртгэл судалгааг харахад зам засварын ажил эхэлснээс хойш ихэвчлэн хоорондын зайг буруу барьснаас үүдэлтэй осол их байна. Тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал тул өмнөх машинаа харахгүй араас нь мөргөж байна.
Түүнчлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарч байгаа. Аймаг, сумдын тэмдэглэлт ой их тохиож байна. Баяр наадамд оролцож, согтууруулах ундаа хэрэглээд хөдөө газар намайг хэн зогсоох юм хэмээн жолоо барьдаг.
Үүнээс гадна хаагдаагүй хэсгүүд буюу хатуу хучилттай зам дээр хурд хэтрүүлж байна. Шороон зам дээр бухимдаж явж байгаад хатуу хучилттай зам руу гарангуут хурд хэтрүүлдэг. Ингэж давхиж байгаад өмнөх машинаа мөргөх, эсрэг урсгал руу орж аваар гаргах, гүйцэж түрүүлж байгаад гэнэт огцом дарж урдуур нь орж байна.
Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад Дарханы замд хүн нас барсан осол буурсан. Энэ нь 24 цагийн турш хөдөлгөөнт эргүүл хийж байгаатай холбоотой.
Жолооч нарын хамгийн их бухимдаж байгаа нэг зүйл нь борооны усанд түр тавьсан зам амархан эвдэрч, том нүхнүүд гардаг. Үүн дээр машиныхаа дугуйг хагалах, эвдэх тохиолдол маш их бүртгэгдэж байгаа. Өмнөх машины дугуйнаас чулуу үсэрч салхины шилээ их хагалж байна.
-Дарханы замд зорчиж байгаа жолооч нар юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. Тоормосны гэрэл асахгүй байх. Өрөөсөн гэрэлтэй явж байх жишээтэй. Ингээд шороон дунд өмнөх автомашинаа харахгүй эрсдэл үүсдэг. Тиймээс хурдаа зөв тохируулж, хоорондын зайгаа зохистой түвшинд барьж явах хэрэгтэй. Үүнээс гадна хурд хэтрүүлдэг байдал буурахгүй байна.
Бид өнгөрсөн сарын 8-наас 15-ны хооронд хурд хэмжсэн. Зам хэсэгчлэн хаахаас өмнөхөн л дөө. Ер нь Дарханы замд маш их хурд хэтрүүлдэг. Шалгалтаар 380 гаруй жолоочийг хурд хэтрүүлсэн гэж хариуцлага ногдуулсан.
Гэр бүлийнхээ хамгийн хайртай хүмүүсийг суулгачихаад юунд яарч, хурд хэтрүүлээд байгааг ойлгодоггүй. Хамгийн доод тал нь 100. Ер нь 110-120 км цагийн хурдтай давхиж байна. Жолооч нар маань цагаа сайн төлөвлөж хэвшиж хэрэгтэй. Тэдэн цагт амжиж очих ёстой гээд хурдалчихдаг.
Мөн жолооч нарт гэрэл шилжүүлэх ухамсар алга. Үүнээс болж гялбаанд орж осол гарах нөхцөл үүсгэж байна. Дарханы чиглэлд адуу, үхрийн фермерүүд маш олонтой. Зам дээр мал гэнэт гарч ирдэг. Түүнээс болж зам тээврийн осолд өртөх тохиолдол байна” гэв.
361-ийн гармаас 52-ын даваа хүртэл гурван хүний бүрэлдэхүүнтэй, нэг автомашин бүхий хөдөлгөөнт эргүүл 24 цагийн эргүүл хийж байв. Биднийг очиход дэслэгч Б.Мягмарсүх, ахлагч Б.Билгүүн, дэд ахлагч Э.Анхбаяр нар үүрэг гүйцэтгэж байлаа.
Тэд долоо хоногийн турш автомашиндаа байрлан ажилладаг. Байрлалаа байнга сэлгэж, хяналт тавьдаг аж. Хоёр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байхад нэг нь хоол ундаа бэлтгэх зэрэг арын албыг хашиж байв. Бүхээг бүхий “IVECO” маркын автомашиныг тохижуулан арын хэсэгт ор хийжээ. Мөн галт тогооны бяцхан шүүгээ байрлуулж, газан плитка тавьсан байв.
Эрчүүд тул шөл буцалгах, цуйван зэрэг амар хялбар хоолоор долоо хоног дагначихдаг аж. Саяын үргэлжилсэн их борооноор бага зэрэг зутарсан тухай ярьсан. Алба хаагчид “Дандаа намхан хүмүүсийг энэ машинд хуваарилсан.
Харин “Урал” автомашин руу чац өндөртэй нь явсан” хэмээн наргив. Урал автомашинтай алба хаагчид дараагийн цэгт эргүүл хийж байгаа аж. Байнгын эргүүл хийж байгаа тул жолооч алба хаагчдыг хараад хурдаа хасах зэргээр ном журмандаа орж эхэлдэг байна. Том оврын автомашин их явж, хур бууснаар сайжруулсан зам амархан эвдэрдэг.
Энэ тохиолдолд гүйцэтгэгч таван компанид мэдэгдэж, засахыг шаардаж байгааг хэлэв. Алба хаагчдын хувьд нэг хүндрэлтэй зүйл нь тоосны харшилд амархан өртдөг байна. Ялангуяа, Дарханы тоостой замд удаан ажилласан зарим алба хаагч харшилтай болж, нүдээ нухлан зовуурийг нь амсаад эхэлжээ.
Жолооч нар цагдаагийн алба хаагчид, автомашин харагдахгүй бол хурд хэтрүүлдэг. Тэгвэл Тээврийн цагдаагийн албаныхан АНУ-д үйлдвэрлэсэн шинэ багажаар хүч нэмжээ. Уг багажийг газар байрлуулахад холоос анзаарагдахгүй. Wi fi-aap холбогддог.
Бичлэг хийх, хадгалах функцтэй аж. Иймээс алба хаагчид уулын цаана автомашинаа байрлуулчихаад wi fi-aap хурд хэмжигчтэйгээ холбогдож, жолооч таныг хянаад сууж байх нь ээ. Орон нутгийн замд 80 км-ээс дээш хурдалсан бол 50 мянган төгрөгөөр торгож, 120 км цагаас дээш хурдтай давхивал эрх хасах шийтгэл оноож байна.
Дашрамд дурдахад, Дарханы замд зам өргөтгөх, далангийн ажлууд явагдаж байна. Налайхын хуучин бетоныг хуулж хаяж байсан бол энд шинэ технологи ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хуучин хатуу хучилтыг бутлан жижиглэж буцаан дэвсэж байв.
Эх сурвалж: Өдрийн сонин